Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали улс насанд хүрсэн хүн амынхаа 80 хувийг вакцинжуулсны дараа хилээ нээхээр болов

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон

Насанд хүрсэн хүн амынхаа 80 хувийг бүрэн вакцинжуулсны дараа хилээ нээж, хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэрийг Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өчигдөр зарлажээ.

2020 оны гуравдугаар сард тус улс хилээ хааж, цар тахалд нэрвэгдсэн гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хөл хорионы дэглэм тогтоож байсан бол өнөөдөр Сидней хот орчимд зургаан сая орчим австрали хүн хорионд байна.

Одоогоор Австралийн хүн амын 14 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа юм.

Насанд хүрсэн хүн амын 70 хувь вакцины хос тунд хамрагдсаны дараа хорио цээрийн дэглэмийг суллаж, хязгаарлагдмал тооны гадаадын оюутнууд, бизнес аялагчдыг хилээрээ нэвтрүүлэх гэнэ.

“Энэ оны сүүлээр бид уг зорилгодоо хүрч чадна гэдэгт би найдаж байна. Хугацааг ойртуулах, хойшлуулах эсэх нь одоо Австраличуудын гарт байна” гэж Моррисон мэдэгджээ.

Харин вакцинжуулалт 80 хувьд хүрсний дараа дархлаажсан Австраличуудыг цар тахлын нөхцөл байдал сайтай гадаад орнуудад зорчихыг зөвшөөрөхөөр төлөвлөсөн байна.

Мөн энэ үед Австралид хүлээн зөвшөөрөгдсөн вакцинаар бүрэн дархлаажсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхлэх гэнэ.

Тус улс иргэдийнхээ дархлаажуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн AstraZeneca вакциныг түлхүү ашиглаж байгаа. Гэвч уг вакцины аюулгүй байдалд эргэлзэх эргэлзээнээс болоод явц удаан байна.

Хоёр дахь сонголт нь Pfizer-ын вакцин боловч олдоц хүрэлцээ муу байгаа юм.

Хил хааснаас шалтгаалан олон арван мянган Австрали хүн хилийн чанадад гацаад байгаа. Үүний улмаас Австралийн хүн ам дэлхийн нэгдүгээр дайнаас хойш анх удаа хорогдсон юм.

2020 оны эхээр коронавирусийн цар тахал тус улсын эдийн засгийг гүн хямралд оруулсан нь сүүлийн 30 жилийн хугацаанд анхны тохиолдол байв. Тэгвэл сүүлд дэгдсэн халдварын улмаас Сидней хотод урт хугацааны хөл хорио тогтоосон нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулж болзошгүй болоод байна.

“Fortress Australia”(Австралийн цайз) гэгддэг хатуу бодлогын үр дүнд өнөөдөр 25 сая хүн амтай Австрали улсад коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 33,909 тохиолдол бүртгэгдэж, 923 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: AFP