Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тэнгис: Наймдугаар сард ачаа барааны эргэлтийг өргөн царигаар хүлээж авах бэлтгэл ажлыг хангасан

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Замын-Үүд суманд ажилллаа. 

Энэ үеэр Замын-Үүд сумын удирдлагууд ачаа бараа эргэлтийн нөхцөл байдлын тайланг Шадар сайдад танилцуулсан юм. 

Хилийн 0108 дугаар ангийн захирагч В.Намхайнямбуу "Монгол Улсын талаас гарах чиглэлийн автомашины тоог 150-200, орох чиглэлийн автомашины тоог 200-250 хүргэх асуудлыг гадаад харилцааны шугамаар БНХАУ-ын талтай хэлэлцэн шйидвэрлүүлэх ба манай талаас ямар нэгэн шалтгаалах зүйлгүй бөгөөд боомтын зөвлөлөөс ачааллыг зохион байгуулан ажиллахад бэлэн байгаа” гэв. 

2021 оны долоодугаар сарын 18-ны өдрөөс хилээр нэвтрэх дарааллаар дугаар авч явсан 1,650 тээврийн хэрэгсэл байгаа ба нийт 2,970 тээврийн хэрэгсэл дараалалд байгаа аж.

 
Гэрэл зургийг MPA.mn

Хилийн боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах бүрэн эрхэт төлөөлөгч Ц.Жавхланбаатар "Манай улсын Гадаад хэргийн сайд болон БНХАУ-ын гадаад хэргийн сайдын ажлын улзалтын үр дүн гарч байна. Жишээлбэл өчигдөр орой Эрээн хотын  өргөн царигийн тавцан дээр 50 вагон бэлэн ачигдаж гааль хийгээд өнөөдөр орж ирэхэд бэлэн болсон. Эрээн болон Хөх хотын төмөр замтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр төмөр замын тээврийг бүрэн нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ингэснээр авто замаар яваа ачааны бөөгнөрөл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна" гэлээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Замын-Үүд өртөөний дарга Н.Тэнгис "Хоногт 14-15 галт тэргийг Эрээн өртөөнд өргөн царигаар хүлээлгэж өгч байгаа. Нэг галт тэргийн цуваанд 50-55 вагон багтдаг. 70% нь экспортын буюу уул уурхайн бүтээгдэхүүн гарч байгаа.

Ачаа барааны бөөгнөрөл 2020 оны 12 сараас эхэлсэн. Тус хугацаанд Эрээн болон Хөх хотын талд нийт 15 удаагийн санамж бичиг өгч, ачаа барааг өргөн царигаар буюу өөрсдийн бүрэлдэхүүнээр ачиж оруулж ирэх саналыг дэвшүлсэн. Үүний үр дүнд долоон сарын хугацаанд 192 вагон ачиж оруулж ирсэн. Одоогийн байдлаар эхний ээлжид хоногт 50 вагоноор ачилт хийж байна.

Наймдугаар сард ачаа барааны эргэлтийг өргөн царигаар хүлээж авах гарц гаргалгааг ерөнхийдөө тододхойлчихсон. Бэлтгэл ажлаа хангасан” гэв.