Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистан дахь Хятадын сонирхлыг дэмжиж байгаагаа АНУ илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хятад улс Афганистанд энх тайван, тогтвортой байдлыг хүсэж байгаа бол энэ нь “эерэг сайн зүйл” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.

Талибан хөдөлгөөний төлөөлөгчид Хятадад айлчилсан үйл явдлын дараа тэр энэ мэдэгдлийг хийсэн юм.

Лхагва гарагт Талибаны есөн төлөөлөгчөөс бүрдсэн баг Тяньжин хотод айлчилж, Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийсэн байна.

“Хятадын тал Афганистанд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлж, дотоод хэрэгт нь оролцолгүйгээр Афганд энх тайван тогтоох үйлсийг дэмжихээ илэрхийллээ” гэж Талибаны хэвлэлийн төлөөлөгч уулзалтын дараа мэдээлжээ.

Хятадын гадаад хэргийн яам Афганистантай харилцахдаа дотоод хэрэгт нь оролцохгүй байх бодлого баримтлахаа бас мэдэгдсэн юм. Мөн уг мэдэгдэлдээ “АНУ болон NATO-гийн цэрэг Афганистанаас яаран гарч буй нь Вашингтоны бодлого бүрэн дампуурсныг харууллаа. Энэ үйл явдал Афганчуудад улс орноо хөгжүүлэх чухал боломжийг олгож байна” гэжээ.

Хятадын засгийн газар Талибаны төлөөлөгчдийг өндөр түвшинд хүлээж авсан нь тус байгууллагыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрч эхэлснийг харуулж байна.

Өчигдөр Энэтхэг айлчлахаар очсон Энтони Блинкен “Хэн ч Афганистаныг зэвсэгт бүлэглэлийн гарт үлдээж, Исламын эмиратыг сэргээх сонирхолгүй байгаа. Хэрвээ Хятад улс энхийн замаар зөрчил маргааныг нь шийдвэрлэж, хууль ёсны засгийн газар байгуулахыг сонирхож байгаа бол энэ нь сайн хэрэг” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: BBC