Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нанжингийн нисэх буудлаас гаралтай Дельта вирусийн тархалт Хятадын 15 хотод хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж чадсан Хятад улсыг сүүлийн өдрүүдэд Дельта хувилбарын шинэ дэгдэлт заналхийлж эхлээд байна.

Долдугаар сарын 20-ны өдөр Жяньсу мужийн Нанжин хотын Лукоу олон улсын нисэх буудлын есөн цэвэрлэгчээс коронавирусийн халдвар илэрч байсан юм. Өнөөдрийн байдлаар Нанжин хотод нийт 173 тохиолдол бүртгэгдсэний 60 гаруй нь дээрх нисэх буудлын үйлчилгээний ажилчдаас илэрчээ .

Нанжингаас гаралтай халдвар долоо хоногийн дотор Бээжин, Чэнду зэрэг Хятадын өөр 15 хотод тархаж, 30 орчим хүнийг өвчлүүлээд байна.

Тавдугаар сард Хятадын Гуаньдун мужид коронавирусийн Дельта хувилбар анх удаа тархахад нийт 167 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин энэ удаагийн дэгдэлт газарзүйн хувьд илүү өргөн орон зайд тархаж, 200 гаруй хүнийг өвчлүүлээд байна.

Коронавирусийн илүү аюултай Дельта мутацлагдсан хувилбар сүүлийн байдлаар дэлхийн 132 оронд тархаад буйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлж байгаа.

Нанжин хотын нисэх буудлын захиргаа олон улсын болон дотоодын нислэгт үйлчилдэг ажилчдыг тусад нь томилолгүй, хольж сольдог байсан нь вирусийн халдвар дэгдэхэд нөлөөлсөн гэж Хятадын хяналт шалгалтын байгууллага дүгнэжээ.

Тиймээс Хятадын Иргэний Агаарын Тээврийн Захиргаа шинэчилсэн журамдаа олон улсын нислэгт үйлчилдэг ажилчдыг орон нутгийн нислэгийн ажилтнуудтай харилцахгүй байх, мөн өөрсдийгөө зорчигчдоос тусгаарлахыг заасан байна.

Лхагва гарагт Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооны дэд захирлууд болох Ван Хэшэнь, Лэй Хайчао нар Нанжин хотод ажиллахаар очжээ. Тэд вирусийн тархалттай тэмцэхэд нь орон нутгийн удирдлагуудад зөвлөх үүрэгтэй очсон байна. Нанжин хотын 9.2 сая оршин суугчийн шилжилт хөдөлгөөнийг хориглож, шинжилгээнд бөөнөөр хамруулах ажил эхэлжээ.

Хятадын бусад хотууд нисэх буудлуудынхаа халдвар хамгаалалтын дэглэмийг чангатгах арга хэмжээг авч эхлээд байна.

 

 Эх сурвалж: South China Morning Post