Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс өндөр настнуудаа вакцины гурав дахь тунд хамруулахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан 60-аас дээш насныхныг гурав дахь тунд хамруулахаар болсныг Израйлийн ерөнхий сайд өчигдөр орой зарлажээ.

Ингэснээр тус улс иргэдээ Pfizer вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн дэлхийн анхны улс болж байна.

Израйль улс нь хүн амынхаа дархлаажуулалтад Pfizer/BioNTech компанийн вакциныг ашиглаж байгаа юм.

“Вакцин аюулгүй нь амьдрал дээр батлагдсан. Өвчний хүндрэл, эндэгдлээс хамгаалдаг нь бас батлагдсан. Ханиад томууны вакцин шиг тодорхой хугацааны давтамжтай тарих хэрэгтэй боллоо. Тиймээс энэ орой би вакцины гурав дахь тунг тарих үйл ажиллагаа эхэлж буйг зарлаж байна” гэж Израйлийн ерөнхий сайд Нафтали Беннет телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн байна.

Тус улсын ерөнхийлөгч Исаак Херцог өнөөдөр буюу Баасан гарагт гурав дахь тунгаа тариулж, дархлаажуулалтын аяныг эхлүүлэхээр болжээ. Харин нийт ахмадуудыг Ням гарагаас эхлэн хамруулах юм байна.

Одоогоор АНУ болон Европын аль ч улс коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг зөвшөөрөөгүй байгаа. Гурав дахь тун хэрэгтэй эсэх, хэрэгтэй бол хэнийг хэзээнээс хамруулах зэрэг асуудлууд тодорхой биш байна.

Өмнө нь Орос, Хятад улсуудад бүтээсэн вакциныг ашиглаж байгаа зарим улсууд гурав дахь тунг тарьж эхэлсэн мэдээлэл бий. Харин өрнөдийн орнуудад үйлдвэрлэсэн вакцины хувьд ийм тохиолдол гараагүй байна.

Израйль улс нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Тус улсын 9.3 сая хүн амын 57 гаруй хувь нь Pfizer/BioNTech-ийн вакцины хос тунд хамрагдаад байгаа.

40-өөс дээш насны иргэдийнх нь 80 гаруй хувь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ.

Гэвч сүүлийн үед коронавирусийн Дельта хувилбар хүн амын дунд тархаж, вакцины хамгаалах чадвар хугацааны уртад сулардаг нь харагдаж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press