Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ангарагийн нисдэг тэрэг төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хоёрдугаар сард NASA-гийн Perseverance робот станцтай цуг Ангараг гарагт буусан Ingenuity дрон өнгөрсөн Бямба гарагт 10 дахь удаагаа нисжээ.

Уг нисдэг тэрэг Ангарагийн тэнгэрт нийт таван удаа нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ирсэн ч ийнхүү давуулан биелүүлээд байна.

Өнгөрсөн хугацаанд 10 удаа хөөрөхдөө нийт 17 орчим минутын хугацааг Ангарагийн тэнгэрт өнгөрүүлж, эхний нэг милийн (1.6 км) зайгаа туулжээ.

10 дахь удаагаа нисэхдээ Ангарагийн эртний нуур байсан Езеро тогооны “Raised Ridges” нэртэй газрын зургийг буулгасан байна. Энэ үеэр Ingenuity 12 метрийн өндөрт хөөрсөн нь дээд амжилт болжээ.

Энэ хэсэгт эрт цагт ус урсаж байсан гэж эрдэмтэд үздэг тул хөрснөөс нь амьдралын ул мөр хайж байгаа юм.

Цаашдаа Perseverance станц “Raised Ridges”-ээс хөрсний дээж цуглуулж, дэлхий рүү илгээх зорилготой.

Perseverance станцын хүрэх боломжгүй тогтоцтой газруудыг судлахад Ingenuity дроны ач тус их байгаа юм.

NASA цаашдаа Ingenuity дроны нөөц боломжийг тултал нь ашиглах зорилготой байна. Агаарын нягтрал бага, хатуу ширүүн уур амьсгалтай Ангараг гарагийн тэнгэрт техник нисгэхэд маш хэцүү байдаг. Ingenuity нь дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт хүн төрөлхтний нисгэсэн анхны техник юм.

 

Эх сурвалж: Mashable