Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Элэгний үрэвслийн эмчилгээний шийдвэр гаргах заавар болох Know/HBV аппликэйшн монгол хэл дээр гарсан"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн гепатиттай тэмцэх өдөр долдугаар сарын 28-нд тохионо. 

Монгол Улс тус өдрийг 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жил дэлхий нийт “Гепатит… хүлээхгүй” уриатайгаар тэмдэглэх гэж байна. 

Иймд энэхүү өдөртэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Монгол Улсын хэмжээнд элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь гепатитын В,С вирусийн халдвараас үүдэлтэй нь судалгаагаар тогтоосон. 

Дэлхий дахинд 325 сая хүн вируст гепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд хийсэн тооцооллоор манай улсад Гепатитын С, B вирусийн архаг халдвартай 400,000 хүн амьдарч байна.

Иймд гепатитын вирусийн халдварын талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, уг вирусийн архаг халдвартай хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэхийн ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй бүхий л үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна.

Энэ өвчний гол хүндрэл нь элэгний хатуурал, хавдар үүсгэдэг. Монгол Улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшнээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй зургаа дахин их байгаа юм. Аливаа халдварт өвчний үед вакцинжуулалтын арга хэмжээг авдаг. Гепатитын В вирусийн эсрэг вакциныг 1991 оноос заавал хийх дархлаажуулалтын товлолт нэвтрүүлсэн В вирусийн халдварын тархалтыг бууруулахад чухал ач холбогдол болсон. 2011 онд манай улс (0.58 хувь) тав хүртэлх насны хүүхдийн дунд гепатитын В вирусийн халдвар тээгчдийн тархалт буурч ДЭМБ Номхон далайн баруу бүсийн зорилтод хүрсэн. Мөн гепатитын А вирусийн эсрэг вакциныг 2012 оноос үе шаттай нэвтрүүлснээр А вируст гепатитын өвчлөл 10,000 хүн амд нэг тохиолдол болж, дархлаажуулалтын өмнөх үеэс 22 дахин буурсан" гэв. 

 
ХӨСҮТ

Түүнчлэн ДЭМБ-ын Гепатитын В вирус /ГВВ/-тэй тэмцэх Дэлхийн эрүүл мэндийн салбарын стратегид тусгагдсан 2030 он гэхэд вирусийн эсрэг эмчилгээний түвшинг багадаа 80% хүртэл нэмэгдүүлэхтэй холбоотойгоор насанд хүрэгчдэд зориулсан гепатитын В вирусийн архаг халдварын эмчилгээний шийдвэр гаргах зааварчилгааг Стэнфордын анагаахын их сургуулийн дэргэдэх Азийн элэгний төв боловсруулжээ. 

Энэ аппликэйшн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэгчдэд зориулсан боловсролын хэрэгсэл юм. 

Иймд Дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тохиолдуулан ХӨСҮТ Стэнфордын их сургуулийн Азийн элэгний төвтэй хамтран боловсруулсан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан гепатитын В вирусийн эмчилгээний шийдвэр гаргах заавар буюу Know/HBV аппликэйшнийг танилцууллаа.

Уг аппликэйшнийг татаж авахад хялбар бөгөөд дараах зүйлс багтжээ. Үүнд:

  • APRI/FIB-4 аргын тооцоолол,
  • Танилцуулга видео,
  • 2015 оны ДЭМБ-ын архаг гепатитын В вирусийн сэргийлэлт, тусламж үйлчилгээ, эмчилгээний удирдамж,
  • 2018 оны Америкийн элэг судлалын холбооны гепатитын В вирусийн сэргийлэлт оношилгоо, эмчилгээний шинэчилсэн удирдамж,
  • 3-н модуль бүхий Know/ГВВ/ГСВ-ийн цахим сургалт, уг цахим сургалтыг амжилттай дуусгаснаар батламж авах боломжтой.
  • Модуль 1: Элэгний хорт хавдар, архаг вируст гепатитын архаг халдварын дэлхий нийт болон Монгол Улсад учруулж буй дарамт
  • Модуль 2: Вируст гепатитын төрлүүд, халдвар дамжих зам, гепатитын В вирусийн тухай баримтууд, оношилгоо, урьдчилан сэргийлэлт
  • Модуль 3: Тарилгын аюулгүй байдал ба цусаар дамжих халдвараас сэргийлэх.
  • Стэнфордын анагаахын их сургуулийн дэргэдэх Азийн элэгний төвийн 2020 оны архаг гепатитын В вирусийн эмчилгээний заавар. Уг зааврыг Эрүүл мэндийн сайдын тушаал А/586 ”Гепатитын С, В, Д вирусийн халдварын илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээний заавар” Эрүүл мэндийн сайдын тушаал A/614 “Эхээс хүүхдэд ХДХВ, Гепатитын В вирус болон Тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох журам” -д тулгуурлан Монгол хэлэнд хөрвүүлсэн.
  • HepB тооцоолол тус тус багтсан байна. 

ВИДЕО: