Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын MBC телевиз олимпын нээлтийг дамжуулсан ажилтнууддаа арга хэмжээ авахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадмын нээлтийг дамжуулахдаа Өмнөд Солонгосын MBC телевиз улс орон бүрийг илэрхийлэх гэрэл зураг үзүүлсэн нь олон улсын хэмжээнд дуулиан тариад байгаа.

Тэд Италийн тамирчдыг жагсаж гарч ирэх үед пиццаны зураг, Норвегийн тамирчдыг гарах үед салмон загасны мах, Монголын тамирчдыг гарахад Чингис хааны зураг дэлгэцийн буланд харуулж байсан юм.

Ингэхдээ Украин улсыг Чернобылийн гамшгаар, Хайти улсыг бослого үймээнээр, Сирийг иргэний дайнаар илэрхийлсэн нь хамгийн их шүүмжлэл дагуулж байв. Үүнээс гадна Чили улсын нийслэл Сантяго хотыг харуулахдаа ижил нэртэй Испанийн хотын зургийг үзүүлж,

Микронез улсыг илэрхийлэхдээ Номхон далайн оронд Атлантын далайн зураг үзүүлж алдаа гаргажээ.

Маршаллын арлуудыг “АНУ-ын цөмийн туршилтын талбай байсан газар”, Иран улсыг “Исламын шашны төв” гэж нэрлэсэн нь олон үзэгчийг гайхшруулсан байна.

MBC телевизийн захиргаа Бямба гарагт зохисгүй зургаар улс орнуудыг илэрхийлснийхээ төлөө уучлал гуйсан юм. Гэсэн ч шүүмжлэл тасрахгүй байсан тул Ням гарагт дахин мэдэгдэл гаргаж, хариуцлага алдсан ажилтнууддаа сахилгын арга хэмжээ авахаар болсноо мэдэгджээ.

Солонгосчууд мөн MBC телевизийг улс орныхоо нэр хүндийг унагалаа хэмээн сошиал орчинд ширүүн шүүмжилцгээж байна. Тухайлбал бухимдсан хүмүүс “Солонгос улсыг 1990-ээд оны үед нурсан Сөүл хотын гүүрний зургаар илэрхийлбэл ямар байх вэ?” гэх зэргээр бичжээ.

MBC сувгийн дамжуулалт хүн төрөлхтнийг нэгтгэх, эвлэрүүлэх олимпизмийн үзэл санааны эсрэг үйлдэл болсныг судлаачид харамсан бичиж байна.

 

Эх сурвалж: Korea Times