Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Үерийн гамшигт амиа алдсан хүний тоо Энэтхэгт 159 хүрлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагаас Энэтхэг улсын баруун эрэг дагуу нутагт их устай аадар бороо орж эхэлсний улмаас голууд үерлэж, хөрсний гулгалт үүсээд байна.

Ням гарагийн байдлаар уг гамшигт амиа алдсан хүний тоо 159 болж нэмэгджээ.

Үүнээс гадна олон арван хүн сураггүй болсныг аврагчид хайж байна. Их устай бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орохыг Энэтхэгийн Цаг Уурын алба өчигдөр мэдээлжээ.

Жил бүрийн борооны улирлын үеэр үерийн гамшиг түгээмэл тохиолддог ч сүүлийн жилүүдэд эрчим, давтамж нь нэмэгдэж байгаа.

Үүнд дэлхийн дулаарал нөлөөлж байна гэж судлаачид дүгнэдэг.

Энэтхэгийн баруун Махараштра мужид нийт 149 хүн амиа алдсаны 40 гаруй нь Мумбай хотоос 250 км зайтай Талие тосгонд үүссэн хөрсний томоохон гулгалтад дарагджээ.

Тус тосгоны олон байшин барилга хэдхэн минутын дотор хөрсний гулгалтад дарагдаж, бетон бүтэцтэй хоёрхон байшин л тэсэж үлдсэн байна.

“Бороо, үер усны аюул эндхийн хүмүүсийн хувьд шинэ зүйл биш. Гэхдээ энэ удаа тохиолдсон гамшиг төсөөлшгүй хэмжээнд байна. Усны түвшин хурдтай нэмэгдэж байгаа тул иргэдэд эд хөрөнгөө хамгаалах ямар ч боломж гарсангүй” гэж Махараштра мужийн засаг захиргааны тэргүүн Уддхав Тхакераи өчигдөр Чиплун тосгонд очихдоо мэдэгджээ.

Тус тосгонд 24 цаг тасралтгүй бороо орсны дараа голын усны түвшин 6 метрээр нэмэгдсэн юм.

Орон нутгийн эмнэлэгт цахилгаан хангамж тасалдсанаас эмчлүүлж байсан найман Covid-19 өвчтөн амиа алджээ.

Махараштра муж даяар 230,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Аврагчид сураггүй болсон 100 орчим хүнийг ус, шавар дундаас ухагч машин техникийн тусламжтай хайж байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлт Арабын тэнгисийн усыг халаасантай холбоотойгоор үерийн гамшиг үүссэн гэж Энэтхэгийн Халуун Орны Цаг Уурын Хүрээлэнгийн судлаач Рокси Мэтью Колл дүгнэжээ. Тэнгисийн ус халснаар дээрх агаараа халааж, агаар дахь чийгийн хэмжээг нэмэгдүүлсэн нь их устай бороо орох нөхцөл болсон гэж тэр үзэж байна.

 

Эх сурвалж: AFP