Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Маргааш Баянхонгор, Өмнөговийн нутгаар их хэмжээний бороо орно"

ikon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Маргааш Баянхонгор, Өмнөговийн нутгаар ихээхэн хэмжээний бороо орно. Ойрын өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Долдугаар сарын 24-ний 20:00 хүртэлх урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун  болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө  Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 градус дулаан.

Бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Долдугаар сарын 25-29-нийг хүртэлх төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27, 28-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

25-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөв гарчээ.

 

Эх сурвалж: ЦУОШГ