Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бензиний үнийг цаашид тогтвортой барих боломж бий юу?

ikon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнэ дахин өсөх төлөв гадаад орчинд өрнөсөөр байна.

Өнгөрсөн сарын 28-нд АИ-92 бензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөнөөс хойш олон улсын зах зээл дээр үнийн өндөр түвшин хадгалагдаж буй. Энэ нь дотоодын зах зээлд шатахууны үнийг хүчээр барьж буй төр засгийн хүч саарахыг илтгэнэ. Энэ талаар ч Засгийн газар болон АМГТГ өнгөрсөн хавраас хойш анхааруулж байсан. Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтад нийт хүн амын 60 хувь хамрагдах хүртэл АИ-92 автобензиний нөөцийг хадгалах замаар үнийг тогтвортой барина гэдгийг АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдэж байсан билээ. Тиймээс шатахууны үнэ өсөх нь цаг хугацааны л асуудал байв. 

Тэгээд ч гадаад орчны өөрчлөлтийг бид одоохондоо үнэхээр яаж ч чадахгүй. Өмнө нь “зөөллөж” болоод байсан бол  өнгөрсөн сарын 28-нд жижиглэнгийн үнийг нэмснээс хойш олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ төдий л буураагүй, брент төрлийн газрын тос нэг баррель нь 70 орчим ам.долларт хэлбэлзэж байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Газрын тос экспортлогч орнууд болон ОХУ буюу ОПЕК+ бүрэлдэхүүн цахимаар уулзаж, газрын тосны гарцаа өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болсон. Гэсэн хэдий ч эл шийдвэр зах зээлд үнийг тогтворжуулах хэмжээний шийдвэр болж чадаагүй. 

Эрэлтийг гүйцэхэд хугацаа хэрэгтэй

Цар тахал дэлхий даяар дэгдсэнээс хойш Саудын Араб тэргүүтэй ОПЕК+ түншлэл газрын тосны үнийн уналттай уламжлал ёсоор “дайн зарлаж” олборлолтоо танасан. Уналтын түүхэн доод цэгт хүрсэн тэр үед ОПЕК+ орнууд газрын тосны олборлолтоо өдөрт 10 сая баррелиар танах шийдвэрт гарын үсэг зурснаар нийлүүлэлт эрс багассан.

Хэдийгээр сүүлийн уулзалтаар талууд газрын тосны гарцаа цар тахлын өмнөх түвшинд хүртэл нэмэгдүүлэхээр Саудын Араб, ОХУ тэргүүтэй орнууд тохиролцож, зах зээлд үнийн өсөлтийг багахан сааруулсан ч, хангалтгүй байна. 

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдлагын газраас нийтэлсэн төлөвт 2021 онд дэлхийн шингэн түлшний хэрэглээ өдөрт 5.3 сая баррелиар нэмэгдэнэ гэж тооцжээ. Харин 2022 онд дахин 3.2 сая баррелиар өсөж, 101.4 сая баррель болсноор 2019 оны түвшнээс илүүрхэнэ гэсэн тооцоог гаргаад байна.

 

Харин Financial Times сонинд бичсэнээр газрын тосны зах зээл өдөрт 5.8 сая баррелиар хомсодсон хэвээр байх бөгөөд энэ нь 2022 оны дунд хүртэл үргэлжилнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, ОПЕК+ орнуудын энэ удаагийн шийдвэрийн үр дүнд зах зээлд үнийн тэнцвэр тогтох хугацаа нь дахиад нэг жил. Тиймээс одоогийн өсөлтийн хурд саарч мэдэх ч өсөлт зогсохгүй. Буурах эсэх нь бүр найдваргүй байна.

АНУ-ын хөрөнгө оруулалтын тэргүүлэгч банкуудын таамгаар энэ онд нэг баррель газрын тосны дундаж ханш 80-85 ам.долларт хэлбэлзэж, 2022 оны турш хадгалагдана гэх таамаг өрнөж буй.
Гэхдээ зах зээлийн нөхцөл байдал тогтворжоогүй байгаа. Дэлхийн хүн амын гурван тэрбум орчим нь вакцинжуулалтад хамрагдсан ч, коронавирусын шинэ хувилбарууд улс орнуудад сорилт авчирч, зах зээлд нөлөөлсөн хэвээр байна. Мөн есдүгээр сарын 1-нд болох ОПЕК+ түншлэлийн дараагийн уулзалт хэрхэн өрнөх нь ч тодорхойгүй байна. 

Хилийн үнэ 

Өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн 70 гаруй хувийг тайлбарладаг хилийн үнэ сүүлийн нэг жилд 2.4 дахин нэмэгджээ. АМГТГ-ын өнгөрсөн сард танилцуулсан мэдээллээр 2020 оны зургадугаар сард АИ-92 шатахууны нэг тонн нь 292 ам.доллар байсан бол 2021 оны долдугаар сарын байдлаар 695 ам.доллар болж өсчээ. Харин жижиглэнгийн үнэ энэ хугацаанд буюу 13 сарын турш 1,400-1,450 төгрөгт хэлбэлзэж байв. 

Засгийн газар АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэх, шатахуун импортлогчидтой зөвшилцөх замаар зах зээлд үнийг хянаж байсан гэсэн үг. Гэтэл манай улсад шатахуун нийлүүлдэг хоёр хөршийн дотоодод иргэд нь нэг литр бензинийг 2-3 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч байна. 

GlobalPetrolPrice.com-д мэдээлснээр энэ сарын 12-ны байдлаар өмнөд хөршид автобензиний жижиглэнгийн үнэ литр нь 1.187 ам.доллар, ОХУ-д 0.7 ам.доллар байна. Өмнөд хөршид гэхэд энэ он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнийг ес дэх удаагаа нэмээд байгааг Globaltimes сонин бичжээ. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнгөрсөн сарын 28-нд хийсэн мэдээллээр дотоодын зах зээлд борлуулагдаж буй автобензиний үнийг дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй уялдуулан тонн тутамд нь 225 юань, дизель түлшийг 215 юань болгож нэмэгдүүлснээ мэдээлсэн. Ам.доллараар тооцвол энэ нь автобензиний үнийг тонн тутмыг нь 34.85 ам.доллараар өсгөсөн гэсэн үг. 
Үндсэндээ энэ он гарснаас хойш автобензиний үнэ тонн тутамдаа 1,180 юань, дизель түлш нь 1,140 юаниар нэмэгдээд байгаа аж.

 

Харин манай улсын шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг нийлүүлдэг “Роснефть Монголиа” компанийн мэдээлж буйгаар 2020 оны тавдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл шатахууны хил үнэ 2.4-3.8 дахин өсөөд байгаа юм. Үүний нөлөөгөөр шатахуун импортлогчид литр тутамд нь 600 орчим төгрөгийн алдагдал хүлээж буйгаа АМГТГ болон шийдвэр гаргагчдад хэлж, үнэ өсгөхөөс аргагүй болж буй талаар албан бичиг хүргүүлж буй.

Зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахууны 29 хоногийн нөөцтэй байна. 

Нөгөө талаар, Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж буй үнийг Засгийн газар яаж ч чадахгүй нь тодорхой зүйл. Дахиад үнийг барих гэж оролдох тусам улам их алдагдал хүлээж, түүний үр дагавар нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлөх аюултай. 

Д.Дорж