Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Өндөр дүнтэй, эрсдэл өндөр, нэн чухал гүйлгээг зөвхөн ажлын өдрүүдэд дамжуулах боломжтой"

ikon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Манай улсын хувьд 3 сая төгрөгөөс дээш дүнтэй хэрэглэгчийн гүйлгээг ажлын өдрүүдэд 9.10-16.30 цагийн хооронд, санхүүгийн байгууллага хоорондын их дүнтэй гүйлгээг 9.10-17.10 цагийн хооронд RTGS системээр дамжуулдаг.

Тэгвэл наадмын урт амралтын өдрүүдээр их дүнтэй гүйлгээ дамжаагүй тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Тус системээр өндөр дүнтэй, эрсдэл өндөр, нэн чухал гүйлгээ дамждаг тул системийн аюулгүй найдвартай байдлыг хангах, үйл ажиллагааг тогтмол хянах, Монголбанкны бусад газар хэлтэстэй хамтран ажиллаж, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангуулах, системд үүсч болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байдаг тул зөвхөн ажлын өдрүүдэд их дүнтэй гүйлгээг дамжуулах боломжтой. Мөн банкууд өөрийн дотоод журмын дагуу хэрэглэгчийн их дүнтэй гүйлгээг илгээхээс өмнө хэд хэдэн шат дамжлагаар шалгаж, холбогдох хяналтыг тавьсны дараа Банксүлжээ системд илгээдэг байна. Иймд иргэдийн өдөр тутмын бага дүнтэй гүйлгээ, дүнгийн хязгаарлалтгүй явагддаг картын төлбөр тооцооны системүүд 24/7/365 горимоор ажиллан, харин системийн хувьд нэн чухал Банксүлжээ систем зөвхөн ажлын өдрүүдэд тодорхой цагт ажилладаг” гэсэн тайлбарыг өглөө.

Олон улсад ч мөн их дүнтэй гүйлгээний систем нь ажлын өдрүүдэд тодорхой цагийн хуваариар ажилладаг байна. Тухайлбал:

  • Австралийн RITS систем ажлын өдрүүдэд 07.30-22.00 цагийн хооронд,
  • Хятадын HVPS систем ажлын өдрүүдэд 08.30-17.00,
  • Филиппины PhilPaSS систем ажлын өдрүүдэд 9.00-17:45,
  • Европын холбооны Target2 систем ажлын өдрүүдэд 7.00-18.00 цагийн хооронд тус тус ажилладаг гэжээ.