Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Төрийн албаны хүнд суртал, авлига шан харамж нэхсэн тухай мэдээллийг 1111 төвд байнга авна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар дэргэдээ авлигын эсрэг ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн анхны хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаас гаргасан шийд болон тухайн ажлын хэсгийн зорилго, үйл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Берлинд төвтэй Транспэрэнси интернэшнл байгууллагаас гаргасан авлигын индексээр Монгол Улс 180 орноос 111-т орсон. 

Өчигдөр ажлын хэсгийн анхны хуралдаан болж, зарим шийдвэрийг гаргасан. Тухайлбал,

  • Төрийн албан хаагчдын гаргаж буй хүнд суртал, чирэгдэл, авлига, шан харамж нэхэж буй тухай мэдээллийг 1111 төвд иргэдээс байнга авна.
  • E-Mongolia платформд авлигын асуудалтай холбоотой цэс тун удахгүй гаргахаар төлөвлөлөө. 
  • Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар ажлын хэсгүүд ажиллана. 
  • Ажлын давхардал хийдлийг арилгах, иргэдэд учирч буй хүнд суртал, чирэгдлийн талаар байгууллага тус бүрээр нь үнэлэлт өгнө.

Манай ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцдэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгтгэх, иргэд олон түмнээс ирүүлсэн төрийн байгууллагын үйл ажиллагаа, чирэгдэл, хүндрэл учруулж буй мэдээлэлд дүгнэлт өгч, түүнд нийцүүлэн хариуцлага тооцох, зарим тохиолдолд хүний хүчин зүйлээс шалтгаалж, төрийн шийдвэр гаргаж байгааг цахимжуулах ажлыг зохион байгуулах юм" гэлээ.

"Авлигад хамгийн их өртсөн байж болзошгүй салбар нь төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдал"

Мөн сайд Х.Нямбаартар "Авлигын хөшүүрэг болоод буй зарим төрлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Тодруулбал, наймдугаар сард багтан Засгийн газраас шүгэл үлээгчийн тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэг авсан.  

Түүнчлэн улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, намуудын санхүүжилтийг ил тод болгохоор зорьж байна. Хамгийн их авлигад өртсөн байж болзошгүй салбар нь төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдал. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар ямар төрлийн бизнесийг төр хийх болон огт хийхгүй байх зааг ялгааг гаргана. Төр өөрийн бизнес хийж болох чиглэлдээ төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудаар дамжуулах ёстой. Ингэхдээ эдгээр компанийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг яаж улс төрөөс ангид байлгах тухай зохицуулалтыг хийх юм" гэлээ.