Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Экспорт удаан хугацаанд саатвал төсөв дээр бид багагүй цохилт авна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн биелэлт гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

"Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 3,183.4 тэрбум төгрөгийн гурван төрлийн зээл олгогдсон байна"

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2021 оны гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийт 3,183.4 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Гүйцэтгэл 70 хувьтай явж байгаа. Энэ нь бидний төсөөлж байснаас илүү хүртээмжтэйгээр болон хурдтайгаар зээл олгогдож байна.

Энэ мөн төлөвлөгөөний хүрээнд олгогдож буй зээлийн эцсийн зорилго нь ажлын байрыг хамгаалах, улмаас эдийн засгаа дэмжихэд оршиж буй. Тэгвэл энэ үүргээ 10 их наядын хөтөлбөр биелүүлж байна гэж бид үзлээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар олгогдсон 3.1 их наяд зээлийн хүрээнд 204,290 ажлын байрыг хамгаалж чадсан байна.

Хөтөлбөр анх эхэлхэд 120,000 ажлын байрыг хамгаалах зорилготой байсан. Энэ бол түүвэр судалгаа биш бодит статистик тоо юм.

10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй гурван төрлийн зээлийг тус бүрд нь тодруулбал,

  • 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлд энэ жил 2 их наяд төгрөг гаргах ёстой. Харин одоогоор 1 их наяд 701.5 турбум төгрөгийг 22,661 зээлдэгчид олгоод байна.
  • Төв банкнаас удирдаж санхүүжүүлж байгаа зээлийн хөтөлбөрийн хүрээнд 593 тэрбум төгрөгийн зээл гарсан. Үүнд 2,645 зээлдэгч хамрагдсан. Эдгээр зээлийн ард 26,069 ажлын байр хамгаалагдсан.
  • Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийн хүрээнд энэ жил 700-800 тэрбум төгрөгийн зээл гаргана. Одоогоор 512 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч, 6,917 өрх хамрагджээ. Үүний цаана барилга угсралтын болон барилга үйлдвэрлэлийн компани, ААН-үүдийн 86.6 мянган ажлын байр хадгалагдав.

Түүнчлэн 2021 оны нэгдүгээр улирлын эдийн засгийн байдлыг 2020 онтой харьцуулахад 15 хувиар өссөн байна. 2019 оныхтой харьцуулбал 3 хувийн цэвэр өсөлттэй байна. Энэ өсөлтөө хадгалж чадвал энэ оны сүүл гэхэд эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх зорилгодоо хүрч чадна” гэв.

"НӨАТ төлөгч нарын тоо өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн"

Үргэлжлүүлэн “НӨАТ-ийн татвар ч хэвийн үеийнхээс өссөн. 2020 оныхтой харьцуулбал НӨАТ 24.7 хувиар өссөн. НӨАТ төлөгч нарын тоо ч өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн сайн үзүүлэлттэй байна.

Үлдсэн хугацаанд төсөв дээр эрсдэл бий. Тодруулбал, нүүрсний экспорт 5 болон 6 сард зогссон. Долдугаар сард ч маш бага хэмжээгээр гарч байна.

Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл бид төсөв тал дээр багагүй цохилт авна. Тиймээс хилийн экспортын асуудлыг Засгийн газрын зүгээс шаардлагатай бүх боломжит арга хэмжээг авч байна.

Тухайлбал, одоогоор Гашуунсухайт боомт дээр тээврийн жолооч нарыг хооронд нь уулзуулахгүйгээр хилийн бүсийн зоонд чингэлгээр нүүрс ачих шинэ терминалын бүтээн байгуулалтын ажил эд явагдаж байна.

Уг бүтээн байгуулалтыг наймдугаар сард дуусгаж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар ачаа тээвэрлэлтийг хэвийн горимд хүргэхийг зорьж байна" хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/995051447909855