Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Төрийн энэрэнгүй ёсны үүднээс Өршөөлийн тухай хуулийг баталсан

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хийсэн байнгын хорооны ажлын тайланг танилцууллаа. 

Тэрбээр хамгийн эхэнд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан баталсан нэг удаагийн Өршөөлийн хуулийн талаар мэдээллийг өгөв. 

Энэ удаагийн Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, хүний амь насанд хүрсэн, хүчингийн хэрэг үйлдсэн, эдийн засгийн гэмт хэрэгтэн, өмнө нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хамруулахгүй байх зарчим баримталсан байна. 

Мөн тэрбээр "Нийт хоригдлуудын 46 хувийг Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулахаар баталсан. Энэ хүрээнд 142 хүнийг шууд суллахаар болсон бол 184 хоригдол ялаасаа хасуулж, 1,128 ялтны хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өршөөсөн. 

Зөрчлийн тухай хуульд заасан дагуу торгох шийтгэлийн 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг өршөөх зохицуулалт хийж хуулийг баталлаа.

Өршөөлийн хуулийг зарим хүмүүс шүүмжилдэг. Тал талаас нь харж үзээд төр уян хатан хандах ёстой. Төрийн энэрэнгүй ёсны үүднээс Өршөөлийн тухай хуулийг баталсан.

Дараагийн нэг чухал хууль бол Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд энэ хүрээнд ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг УИХ-аас нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохоор болсон. Хуулийн дагуу энэ ажиллагаа явагдаж байсан боловч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн хойшлоод байна. 

Хаврын чуулганаар томилгооны сонсголыг анх удаа зохион байгууллаа. АТГ-ын дэд даргыг энэ жишгээр анх удаа томиллоо. 

Намрын чуулганаар бид Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна" гэдгийг хэллээ.