Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдүүдээ аюулгүй орчинд суралцах боломжоор хангахын тулд залуу, дунд, ахлах үеийн багш нар нэгдээд тэмцэж байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Монгол Улсын Консерваторын хашаанд барих барилгын ажлын талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан өнөөдөр тус сургуулийн багш нар хэвлэлийнхэнд хандлаа. 

Багш нарын төлөөлөл "Сайд маань өчигдөр биднийг энд багшилдаггүй, аль нэг намын харьяалалтай хүмүүс улс төрийн зорилгоор барилга бариулахгүй хэмээн биднийг гүтгэлээ. 

Сайд сургууль газраа эзэмшигч, төр бол газраа өмчлөгч гэж хэлсэн. Үндсэн хууль болон орон нутгийн засаг захиргааны тухай ямар ч хуульд яамны мэдэлд газар байх тухай заалт байхгүй" гэв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Монгол Улсын Консерваторид 47 жил багшилсан, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган "Өчигдөр бид сайдтай уулзсан. Тус уулзалтын үеэр ахмад багш нарыг өмнөө суулгаад Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд барих гэж байгаа барилгаа танилцуулаад, улмаар биднийг сүрдүүлсэн. Ингэхдээ танай газар яамны өмч хэмээсэн. 

Өнөөдөр газраа авч үлдэхээр, сурагчдаа, хүүхдүүдээ аюулгүй орчинд суралцах боломжоор хангахын тулд залуу, дунд, ахлах үеийн багш нар нэгдээд тэмцэж байна" хэмээн ярилаа. 

МУК-ын багш нар 10 гаруй хоногийн турш сургуулийнхаа хашаанд барилга барихыг эсэргүүцэн суулт хийж байгаа бөгөөд яаманд гурван шаардлага тавьж байгаа ажээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУК-ын багш Н.Буянбаатар "Нэгдүгээрт, Монгол Улсын Консерваторын зарим удирдлагын зүгээс анх сургууль өргөтгөх, цаашлаад цогцолбор барьж, бага зайд Боловсролын үнэлгээний төв барих гэрээнд анх гарын үсэг зурсан. Уг гэрээг хүчингүй болгохыг шаардаж байгаа. 

Хоёрдугаарт, Худлаа мэдээлэл өгч эрх зүйн чадамжгүй хүмүүсээр буруу ойлголт төрүүлэн гэрээнд гарын үсэг зуруулсан үүрэг гүйцэтгэгч н.Пүрэвхүүг огцруулахыг шаардаж байна.

Гуравдугаарт, Удирдах зөвлөлийн гишүүд болсон төрийн төлөөлөл Боловсролын тухай хуульд заасан үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул тэднийг солиоч ээ гэдэг асуудал тавьсан" гэдгийг хэллээ.

Багш нар болон төгсөгчид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын ажилтнууд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг тус сургуулийн хашаанд барихыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд одоогоор нийт 33 хуудас болоод байгаа аж. 

Хөгжим бүжгийн коллежийн багш нар Монгол Улсын Консерваторын ард байрлах Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэж, өчигдөр сургуулиасаа БШУЯ хүртэл хөгжимтэй тайван жагсаал хийсэн билээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn