Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Леонардо Да Винчигийн удмын 14 хүн өнөөдөр амьд сэрүүн байгааг эрдэмтэд тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сэргэн мандалтын үеийн аугаа уран бүтээлч Леонардо Да Винчигийн шарилыг олон жил судалсан эрдэмтэд өнөөдөр бидний дунд түүний шууд удмын 14 хүн амьдарч буйг олж тогтоожээ.

Саяхан “Human Evolution” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Эрдэмтэд Да Винчитэй холбоотой түүхэн баримтууд, үр хойчийнх нь архивын мэдээллийг цуглуулсны үндсэн дээр түүний дөрөв салбарласан 21 үе бүхий ургийн бичгийг шинээр зурж гаргажээ.

Гэхдээ хувийн мэдээллийг хамгаалах үүднээс дээрх 14 хүний нэрийг шууд зарлаагүй байна.

1452 онд төрсөн Да Винчи нь “Мона Лиза”, “Сүүлчийн оройн зоог” зэрэг бүтээлүүдээрээ алдаршсан зураачаас гадна шинжлэх ухаан, математик, архитектур, дизайн, инженер, геологи, газар зүй, уран баримлын салбарт олон бүтээл туурвисан суут хүн юм.

500 гаруй жилийн дараа ч түүний уран бүтээлүүд үнэ цэнээ алдаагүй байна.

Өнгөрсөн онд Луврын музейд хадгалагддаг “Мона Лиза” бүтээлийг шилэн хоргоноос нь гаргаж, бүрэн бүтэн байдлыг нь шалгах ажиллагаанд оролцохын тулд нэг хүн дуудлага худалдаанд ялж, $98,000 төлж байжээ.

Ийм шалгалтыг музейн захиргаа жил бүр зохион байгуулдаг юм.

Энэ сарын эхээр Да Винчигийн зурсан баавгайны жижигхэн таталбарыг нэг цуглуулагч $12 саяар худалдан авч, дуудлага худалдааны шинэ дээд амжилтыг тогтоосон байна.

 

Эх сурвалж: CNN