Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос залуу үеийнхэндээ Өмнөд Солонгосын соёлд автахгүй байхыг анхааруулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын төрийн төв хэвлэл саяхан Өмнөд Солонгосоос гаралтай албан бус үг хэллэгийг ярихдаа ашиглахгүй байхыг залуу үеийнхэндээ уриалжээ.

Мөн Өмнөд Солонгосоос гаралтай хувцаслалт, үс засалтыг даган дуурайж, дуу хөгжмийг нь сонсохгүй байхыг хатуу анхааруулсан байна.

Умард Солонгост ард иргэдээ гадаадын соёлын нөлөөнд автахаас хамгаалах шинэ хууль хэрэгжиж эхэлсэн юм.

Уг хуулийг зөрчсөн хүмүүст шоронд хорихоос эхлээд цаазаар авах хүртэл хатуу шийтгэл оноодог.

“Хөрөнгөтний үзэл суртал, соёлыг гоёор өнгөлөн далдалж, дэлгэрүүлэх нь зэвсэг барьсан дайснаас илүү аюултай” гэж Родон Шинмун сонины нийтлэлд бичжээ.

Уг нийтлэлд Пёньян аялгатай солонгос хэлийг хамгийн шилдэг нь гээд залууст эх хэлээ зөв хэрэглэж дадахыг уриалсан байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаасаа хойш гадаадын соёлын нөлөөнөөс ард иргэдээ хамгаалахад ихээхэн анхаарах болсон юм. Тэрбээр саяхан K-pop урлагийг “аюултай хорт хавдар” гэж нэрлэж байв.

Одоо тус улсад Өмнөд Солонгос, АНУ, Японы урлаг, соёлын бүтээлүүдийг их хэмжээгээр хадгалж, эзэмшсэн хүнд цаазын ял оноодог. Харин тэдгээрийг үзэж, хэрэглэж байгаад баригдсан хүмүүсийг 15 жил хүртэл хорих ял оноохоор хуулиндаа заажээ.

Хэдийгээр өндөр эрсдэлтэй ч Умард Солонгосын иргэд гадаадын урлаг соёлыг шимтэн сонирхсоор байгаа нь нууц биш.

Хориотой бүтээлүүдийг хилээр нэвтрүүлэх, түгээх нууц сүлжээ тус улсад ажилладаг гэдэг.

Умард Солонгосоос дүрвэж ирсэн олон хүн Өмнөд Солонгосын кино, телевизийн шоунуудыг үзсэнийхээ дараа оргохоор шийдсэнээ сүүлд ярьж байжээ.

Гадаадын соёлын нөлөөг хааж хорих нь цаашдаа Ким Жон Уны дэглэмийг улам бүр ганхуулна гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: BBC