Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн хулгайлсан хэргийн дараа Афганистан улс Пакистанаас элчин сайд, дипломатуудаа татлаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Пакистаны ерөнхий сайд Имран Хан

Өнгөрсөн долоо хоногт Пакистан дахь Афганистаны элчин сайдын охиныг хэсэг этгээдүүд хулгайлж, тарчилган зовоосон хэрэг гарсан юм.

Баасан гарагт Пакистаны нийслэлээс хулгайлагдсан бүсгүй хэдэн цагийн дараа зодуурын шарх сорвитой олдож байжээ. Пакистаны эрх баригчид уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Ням гарагт Афганистаны гадаад хэргийн яам дээрх хэрэгтэй холбогдуулан Исламабад дахь элчин сайд, дипломат ажилтнуудаа татаж авах болсноо зарлажээ.

“Аюулгүй байдлыг бүрэн хангаж, гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, шийтгэх хүртэл элчин сайд, дипломат албан хаагчдаа Кабулд буцааж татах шийдвэрийг Афганистаны засгийн газар гаргалаа” гэж тус улсын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Пакистаны гадаад хэргийн яам уг шийдвэрийг сонсоод харамсаж байгаагаа илэрхийлжээ. Мөн Афганистаны засгийн газраас шийдвэрээ дахин нягтлахыг хүссэн байна.

Пакистаны ерөнхий сайд Имран Хан уг хэрэгт онцгой анхаарал хандуулж, гэмт этгээдүүдийг 48 цагийн дотор илрүүлж, баривчлах даалгаврыг дотоод хэргийн сайддаа өгсөн тухай Бямба гарагт хэвлэлүүд мэдээлжээ.

АНУ-ын цэрэг гарч буй энэ үед Пакистан улс Афганистанд энх тайван байдал тогтоох үйл явцын гол тоглогч болж байгаа.

Хөрш хоёр улс олон жилийн турш таагүй харилцаатай байсаар ирсэн юм. Кабулын эрх баригчид Пакистаныг Талибан хөдөлгөөнийхнийг газар нутагтаа орогнуулж, дэмждэг гэж буруутгадаг.

Харин Исламабадын тал өөрийнх нь улсад явагддаг террорист ажиллагаануудын эх үүсвэрийг Афганистанаас гаралтай гэж үздэг юм. Өнгөрсөн онд Пакистан улс Талибанчуудыг Кабулын засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суулгахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгддэг. Гэвч уг яриа хэлэлцээ үр дүнгүй болж, Талибаны зэвсэгт бүлэглэл Афганистаны нутаг дэвсгэрийг хяналтдаа оруулахаар Афганистаны засгийн газрын цэрэгтэй дайтаж эхлээд байна.

 

Эх сурвалж: Reuters