Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркель: Ийм хэмжээний гамшгийг нэрлэх үг Герман хэлэнд байхгүй гэж би бодож байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Герман баруун бүс нутаг, Бельги улсын зүүн хэсэгт өнгөрсөн долоо хоногт их хэмжээний аадар бороо орсноос голууд үерлэсэн билээ.

Үерийн улмаас хоёр улсад нийтдээ 188 хүн амиа алдсан нь одоогоор тогтоогдоод байна.

Одоо үерийн гамшиг Германы өмнөд бүс, Австри улсын зарим хэсэгт шилжжээ.

Сүүлийн хоёр өдөр Австрийн нийслэл Вена хотод хүчтэй аадар бороо орж, Зальцбург мужийн нутаг үерт автсан байна.

Швейцар, Люксембург, Нидерланд улсуудад мөн гол, нууруудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюул ойрхон болоод байгаа.

Европын удирдагчид уг гамшгийн гол шалтгааныг дэлхийн дулаарал гэж үзэж байна.

Ням гарагт Германы канцлерь Ангела Меркель гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ажиллаж, нутгийн иргэд болон аврагчидтай уулзжээ.

“Гамшгийг нүдээр үзээд үнэхээр их цочирдлоо. Ийм хэмжээний хохирол учруулсан байгалийн гамшгийг нэрлэх үг Герман хэлэнд байхгүй байх гэж би бодож байна” гэж Меркель энэ үеэр хэлсэн байна.

Тэрбээр гамшгийн дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн тусламжийг яаралтай зохион байгуулахаа амлажээ. “Нөгөө талаар би хүмүүс гамшгийн үед хэрхэн эвлэлдэн нэгдэж, бие биедээ тусалж байгааг хараад сэтгэл тайтгарлаа” гэж канцлерь уулзалтын үеэр хэлсэн байна.

Германы сангийн сайд Олаф Шольц эхний ээлжинд 300 сая еврогийн тусламжийн багцийг Лхагва гарагт болох засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсныг мэдэгджээ.

Сүүлийн мэдээллээр Германд 157 хүн, Бельгид 31 хүн үерийн үеэр амиа алдсан нь тогтоогдоод байна. Германы Умард Рэйн-Вестфаль, Рэйнланд-Палатинат, Саарланд мужууд энэ удаагийн гамшигт хамгийн их хохирол амсжээ.

 

Эх сурвалж: BBC