Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Уганда улсын олимпын найдвар болсон тамирчин Япон улсад “харлав”

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Уганда улсыг төлөөлөн Токио 2020 зуны олимпын наадамд оролцохоор ирсэн тамирчин Япон улсад үлдэхээр шийдэж, зочид буудлаасаа оргосон байна.

20 настай хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Ссекитолеко энэ удаагийн наадамд оролцох шалгуурыг хангаж чадаагүйн улмаас долдугаар сарын 20-ны өдөр нутаг буцах болоод байжээ.

Баасан гарагийн өглөө тэр байрлаж байсан Изүмисано хотын зочид буудлаасаа явж, 200 км зайтай орших Нагояа хот хүрэх хурдан галт тэрэгний тасалбар авсныг цагдаа нар мөрдөж тогтоосон байна.

Зочид буудалд үлдээсэн захиандаа Жулиус эх орондоо ажиллаж, амьдрахад хэцүү болсон тул Японд үлдэхээр шийдсэнээ тайлбарлаад өөрийн эд зүйлсийг эхнэрт нь хүргэж өгөхийг бусад төлөөлөгчдөөсөө хүсжээ.

Тэрбээр 2018 онд 17 настайдаа Хамтын Нийгэмлэгийн орнуудын (Commonwealth Games) наадмын 56 кг-ийн жинд өрсөлдөж, 10 дугаар байрт орж байсан гэнэ.

Австралийн Голд Кост хотод болсон уг наадмын үеэр Уганда, Руанда, Камерун улсын хэсэг тамирчид оргож байжээ.

2014 онд Шотландын Глазгоу хотод болсон Хамтын Нийгэмлэгийн орнуудын ээлжит наадмын үеэр Уганда улсын рэгбигийн багийн хоёр тамирчин бас оргож бaйв. Тэд сүүлд Их Британийн засгийн газраас оршин суух зөвшөөрөл авч, Кардиф хотын нэгэн клубт тоглох болжээ.

Уганда улсын олимпын баг Япон улсад зургаадугаар сарын сүүлээр ирж, тусгаарлалтын хугацаагаа дуусгасны дараа долдугаар сарын 7-ноос бэлтгэлээ эхэлсэн юм.

Японд ирмэгцээ шинжилгээ өгөхөд тэдний нэг коронавирусийн Дельта хувилбараар өвчилсөн нь батлагдаж байв.

 

Эх сурвалж: CNN