Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 наадмын тамирчдын хотхонд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадмын тамирчдын хотхонд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэн тухай зохион байгуулагчид нь Бямба гарагт зарлажээ.

Үүнээс өмнө олимпын наадамд ирсэн гадаадын зочид төлөөлөгчид, холбогдох хүмүүсээс нийт 14 халдварын тохиолдол илрээд байсан юм. Тэдний тав нь тамирчид, долоо нь гэрээт ажилчид, хоёр нь сурвалжлагчид байжээ.

Өнгөрсөн хугацаанд олимптой холбоотой гадаадын зочид, Японы талын хүмүүсээс нийтдээ 40 гаруй халдварын тохиолдол илэрсэн юм.

Зохион байгуулагчид дэлхийн аль улсаас ирсэн зочноос халдвар илэрснийг нууцалж байна.

“Олимпын хотхонд явуулдаг тогтмол шинжилгээний үеэр халдварын анхны тохиолдол илэрлээ. Халдвар авсан хүнийг зочид буудалд тусгаарлаад байна” гэж Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такаяа мэдээлжээ.

Токио хотын эрэгт байрлах 44 гектар талбай бүхий тамирчдын хотхонд дэлхийн орон орноос ирсэн 11,000 орчим тамирчин байрлаж байгаа. Тамирчдаас өдөр бүр шинжилгээ авч, шилжилт хөдөлгөөнийг нь хатуу хянаж байгаа юм.

2020 онд болох байсан зуны олимпын наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, ирэх Баасан гарагт хорио цээрийн хатуу дэглэм дор эхлэх гэж байна.

Хүн амынх нь 20 орчим хувь вакцинжуулалтад хамрагдаад байгаа Япон улсын иргэд уг арга хэмжээний үеэр халдварын томоохон давалгаа дэгдэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах “Бид Японы ард иргэдийн болгоомжлолыг сайн ойлгож байгаа. Гэхдээ би орон орны тамирчдыг найрсагаар хүлээж авахыг япончуудад уриалж байна. Тэд бүгд япончуудын нэгэн адил олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах хүсэл сонирхолтой байгаа” гэж хэлжээ.

Япон улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 820,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 15,000 орчим хүн амиа алдаад байна.

Нийслэл Токио хотод сүүлийн дөрвөн өдөр дараалан 1,000-аас дээш тооны халдварын тохиолдол илэрчээ.

 

Эх сурвалж: Reuters