Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн эрүүл мэндийн сайд коронавирусийн халдвар авснаа зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Их Британийн эрүүл мэндийн сайд Сажид Жавид коронавирусийн халдвар авснаа Бямба гарагт зарлажээ.

Сайдын үүрэгт ажилд ороод гурван долоо хонож байгаа Жавид энэ Даваа гарагаас эхлэн Англи даяар хөл хорионы дэглэмийг цуцлах ерөнхий сайд Борис Жонсоны төлөвлөгөөг дэмжиж байгаа юм.

“Өнөөдөр өглөө миний түргэвчилсэн оношилгооны хариу эерэг гарлаа. Одоо би PCR шинжилгээний хариугаа хүлээж байна. Вакцины бүрэн тунгаа тариулсан болохоор шинж тэмдэг хөнгөн илэрч байна” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.

Жавид гуравдугаар сарын 17-нд AstraZeneca вакцины эхний тунгаа, тавдугаар сарын 16-нд хоёр дахь тунгаа тариулсан юм байна.

Их Британид одоо цар тахлын шинэ давалгаа эхлээд байгаа ч Борис Жонсон, Сажид Жавид нар вакцинжуулалтын үр дүнд халдвар авсан иргэдийн хүндрэл, эндэгдэл эрс буурсан гэж дүгнээд хөл хорионы дэглэмээ цуцлахаар төлөвлөж байгаа.

Тус улсын насанд хүрсэн хүн амын гуравны хоёр нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан юм.

Гэвч вакцины хамгаалалт 100 хувь биш, олон хүн вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа энэ үед хөл хориог цуцлах нь аюултай гэж зарим эрдэмтэд үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters