Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 нь одоо “вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн тахал” болсон гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед АНУ-ын бүх 50 мужид коронавирусийн халдвар тархалт нэмэгдсэн нь вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдээс шалтгаалж байна гэж тус улсын эрх баригчид дүгнэжээ.

“Энэ тахал нь одоо вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн тахал болоод байна” гэж АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал, доктор Рочел Валенски өчигдөр Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Энэ удаагийн дэгдэлтийн гол төв нь вакцинжуулалтын явц удаан байгаа мужууд болоод байна. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн хувьд ерөнхийдөө эрсдэл бага байгаа” гэжээ.

Цагаан ордны цар тахал хариуцсан координатор Жэф Зентс өнгөрсөн долоо хоногийн хугацаанд шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 40 хувь нь вакцинжуулалтын хувь багатай дөрөвхөн мужид ноогдож буйг энэ үеэр хэлсэн байна.

Үүнээс таван тохиолдол тутмын нэг нь Флорида мужид бүртгэгджээ. Флорида мужийн хүн амын 47 орчим хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа.

Ерөнхийдөө АНУ даяар коронавирусийн халдварын тохиолдол долоо хоногийн хугацаанд дунджаар 10 хувиар өссөн байна. Нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол сүүлийн долоо хоногийн турш дунджаар 26,448 байжээ.

Хүн амынх нь талаас доош хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан мужуудад 100,000 хүн тутамд 11 халдварын тохиолдол бүртгэгдсэн бол хүн амынх нь талаас дээш хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан мужуудад энэ үзүүлэлт 4 байсан байна.

Мөн энэ удаагийн дэгдэлтэд нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь коронавирусийн Дельта хувилбарын тархалт болжээ.

АНУ-д бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлуудын 50 гаруй хувь Дельта хувилбараар халдварлагдсан байна. Зарим мужуудад бүр 70 хувьд хүрснийг албаныхан мэдээлжээ.

Вакцинжуулалтад хамрагдахаас татгалзаж буй хүн амын бараг тал хувь нь вакцины талаар буруу, худал мэдээлэлд итгэсэнтэй холбоотойг сүүлийн үеийн судалгаа харуулж байна.

 

Эх сурвалж: CNN