Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын олигарх Их Британийн түүхэнд байгаагүй өндөр үнээр эхнэрээсээ салжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Их Британийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэйд тооцогдох гэр бүл салалт өчигдөр эцэслэн шийдвэрлэгдэж, Оросын тэрбумтан Фархад Ахмедов экс эхнэртээ 135 сая паунд ($186 сая) төлөхөөр болжээ.

Татьяна Ахмедова 2016 онд анх нөхрийнхөө хөрөнгийн 41 хувьтай тэнцэх мөнгийг буюу 450 сая паундыг нэхэмжилж, шүүх нэхэмжлэлийг нь хэвээр баталж байв. Харин нөхөр нь таван жилийн турш тэмцсэний үр дүнд Татьяна шүүхээс анх тогтоож өгсөн мөнгөний гуравны нэгийг авахыг зөвшөөрснөөр маргаан шийдвэрлэгдсэн байна. Тодруулбал Ахмедов нь тэмцлийнхээ үр дүнд Луна нэртэй, 115 метр урт, есөн давхар тавцантай супер тансаг ангиллын усан онгоцоо авч үлдэхээр болжээ.

Азербайжан гаралтай Фархад Ахмедов 2012 оны арваннэгдүгээр сард Оросын байгалийн хий олборлогч компани дахь эзэмшлээ $1.4 тэрбумаар зарж хөрөнгөжсөн юм.

Тэрбээр экс эхнэртэйгээ хөрөнгөө бараг тэнцүү хуваахыг эрс эсэргүүцэж, “түүнд ийм хэмжээний мөнгө өгснөөс шатаасан нь дээр” гэж хэлж байжээ.

Хос хоёр анх 1989 онд танилцаж, дөрвөн жилийн дараа гэрлээд Лондон хотод шилжин суурьшсан юм. Хоёр хүүхэдтэй болсон хос 2014 онд албан ёсоор салж байжээ.

Таван жил үргэлжилсэн маргааны гол сэдэв нь Луна хөлөг онгоцыг хэрхэн хуваах асуудал байсан юм.

 
Луна хөлөг онгоц

Шүүхийн маргааны улмаас уг хөлөг 2018 оноос хойш Дубай хотын боомтын зогсоолд хадгалагдаж байгаа. Маргаан шийдвэрлэгдсэнээр Луна дахин далайд гарах боломжтой болж байна.

Мөс зүсэх зориулалт бүхий ган эх биетэй Луна нь дэлхийд цөөхөн байдаг “explorer yacht” төрлийн тансаг ангиллын хөлөг юм. 

 

Эх сурвалж: AFP