Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Авлигын эсрэг ажлын хэсэг нь авлигын гэмт хэргийг бий болгож буй хөрс суурьтай нь тэмцэнэ"

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулсан тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл өглөө.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын эсрэг ажлын хэсэг байгууллаа. Өнгөрсөн 30 жилд авлигын эсрэг тэмцэл ямар үр дүнд хүрсэн тодорхой хэмжигдэхүүн тавьдаггүй байсан.

Энэ удаад Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийг хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүллээ. Монгол Улс "Авлигын төсөөллийн индекс"-ээр 180 улсаас 111 дүгээрт жагсаж байна. Үүнийг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоо буюу 100-гаас доош оронтой тоонд оруулах юм.

Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд салбар бүрийн төлөөлөл 15 хүнээс бүрдэнэ. Засгийн газрын үндсэн мөрийн хөтөлбөрт авлигын гэмт хэрэгтэй тэмцэх зорилт багтсан байдаг. Үндсэн хуулиар авлигын эсрэг гол тэмцэгч УИХ, Засгийн газар байдаг учир хамтарч ажиллана.

Тухайлбал энэ зундаа багтаж авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. Эрүүгийн болон Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шүгэл үлээгчдийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барина.

Авлигын эсрэг ажлын хэсэг нь гэмт хэрэгтэй тэмцэхээсээ илүүтэй авлигын гэмт хэргийг бий болгож байгаа хөрс суурьтай нь тэмцэхэд гол анхаарлаа хандуулах юм" гэв.