Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн өдрүүдэд нийт шинжилгээний 19%-д эерэг гарч, халдвар буурчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УОК-оос Засгийн газрын хуралдаанд цар тахлын хариу арга хэмжээний талаар танилцуулж, тодорхой саналуудыг оруулсан.

 

ЭМЯ-наас танилцуулснаар коронавирусийн халдварын тархалт өмнөх хоногуудтай харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан. Тодруулбал нийт шинжилгээний 26%-д эерэг гарч байсан бол сүүлийн өдрүүдэд нийт шинжилгээний 19%-д эерэг гарчээ.

Мөн хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо буурч байгаа нь эмчилгээний зөв тактик баримталж байгаатай холбоотойг ЭМ-ийн сайд мэдээллээ.

5-11 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдсэн

Дархлаажуулалтын үр дүн тодорхой хэмжээнд гарч байгааг ЭМЯ танилцуулсан. Тухайлбал 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 16% байсан бол 8% болж буурчээ.

Дархлаажуулалтад хамрагдаагүй буюу 5-11 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдсэн судалгааг танилцууллаа.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2% нь халдварт өртөөд байна. Дэлхий дахинд дундаж тоо 8 орчим хувь байгаа. Энэ нь дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулсны үр дүн юм гэж үзэж байгаа.

Гэхдээ иргэд тайвшрах болоогүй. Дельта вирус буюу тархалтын хурд нь 60%-аар илүү халдварлах вирус дэлхийн 111 улсад тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна.

Дельта вирусийн хувьд вакцины үр дүнг 20-30%-аар бууруулж байгаа судалгааг танилцуулсан.

Манай улсад тавдугаар сарын эхээр зөөвөрлөгдөн орж ирсэн дельта вирус бүртгэгдсэн ч тархалтыг хумьж, эмчилсэн мэдээллийг ЭМЯ өгсөн.

Монгол Улсад тархаж буй коронавирусийн хувилбар альфа 90%-ийн эрчимтэй тархаж байгаа судалгаа байна.

Хэдийгээр халдварын тархалт буурч байгаа ч дэглэмээ чанд мөрдөх шаардлагаа байгааг УОК-оос анхаарууллаа" гэв.