Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар аадар бороо орох тул гол, усны ослоос сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа

ikon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баяр, амралтын өдрүүдэд усны ослын дуудлага эрс нэмэгдээд байна.

Тухайлбал, 2021 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар усны ослын 10 тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатар хотод 2, Сэлэнгэ, Баян-Өлгий, Булган, Хэнтий аймагт тус бүр нэг, нийтдээ 6 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долдугаар сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Мөн долдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Түүнчлэн гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

  • Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

ЦУОШГ-ын мэдээлэл:

Өнөө, маргаашдаа зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Долдугаар сарын 16-ны 20:00 цагаас долдугаар сарын 17-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутггийн баруун өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Долдугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд төвийн нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.