Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизстаны эрх баригчид Афганистанаас үндэс угсаа нэгтнүүдээ татаж авахаар ажиллаж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед исламын суурь үзэлт Талибанчууд Афганистаны газар нутгийн ихэнх хэсгийг хяналтдаа оруулж, Кабулын засгийн газрын арми дараалан ялагдал хүлээгээд байгаа.

Үүний улмаас Афганий засгийн газрын цагдаа, цэргүүд олноороо хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсууд руу дүрвэж ирэх нь нэмэгдэж байна.

Дүрвэгсдийн дотор Талибаны дэглэмээс зугтсан энгийн иргэд ч байгаа юм. Өчигдөр Киргизстан улсын гадаад хэргийн яам хөрш Тажикистан улсын засгийн газарт хандаж, Афганистанаас дүрвэж гарсан киргиз үндэстнүүдийг дамжуулан өнгөрүүлэх хүсэлт тавьжээ.

Долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Афганистанаас Тажикистанд дүрвэж ирсэн киргиз үндэстнүүдийг шилжүүлж авахад туслахыг НҮБ-аас хүссэн тухай Киргизийн гадаад хэргийн яам өчигдөр бас мэдээлсэн байна.

Тус яамны мэдээлж буйгаар 91 эрэгтэй, 77 эмэгтэй, 177 хүүхэд Афганистаны Бадахшан нутгаас гарч, Тажикистанд ирээд байгаа гэнэ. Дүрвэх үеэр хоёр хүүхэд үл мэдэгдэх шалтгаанаар амиа алдсан тухай бас мэдээлжээ.

Нүүдэлчин киргизүүд 16 дугаар зуунаас хойш Памирын уулсын Афганистаны хэсэгт амьдарсаар ирсэн юм. Афганистанд нийт 1,000 гаруй киргиз үндэстэн оршин суудаг гэсэн тоо бий.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 20 жил үргэлжилсэн дайнаа дуусгаж, цэргээ энэ оны есдүгээр сард багтаан Афганистанаас гаргахаар шийдээд байна.

Үүнтэй зэрэгцэн Талибан хөдөлгөөнийхөн Афганистаныг бүрэн хяналтдаа оруулахаар байлдааны ажиллагаагаа эрчимжүүлж байгаа. Өрнөдийн дэмжлэгтэй Кабулын засгийн газар нуран унах нь цаг хугацааны асуудал болсон гэж зарим ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe