Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны босстой цуг 18 настай залуу сансарт нисэхээр боллоо

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Амазон компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос энэ сарын 20-ны өдөр өөрийн бүтээсэн хөлгөөр сансарт нисэх гэж байгаа билээ.

Түүний үүсгэн байгуулсан Blue Origin компанийн New Shepard хөлөг дөрвөн зорчигч суулгах багтаамжтай.

Безосоос гадна түүний төрсөн дүү Марк, ахмад нисгэгч эмэгтэй Уолли Фанк нар нисэхээр болсон. Харин дөрөв дэх нисгэгчээр анхны нислэгийн суудлыг $28 саяар үнэ цохиж авсан нэгэн нууцлаг эрхэм тодроод байв.

Гэвч нэрээ нууцалсан энэ хүн цаг завын боломжгүйгээс энэ удаа нисэхгүй болж, дараагийн нислэгт багтахаар болсон байна.

Түүний оронд 18 настай Нидерландын иргэн Оливер Дамен нисэхээр болсныг Blue Origin компани өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн онд дунд сургуулиа төгссөн Оливер нь нисгэгчийн үнэмлэхтэй бөгөөд New Shepard хөлгийн суудлыг мөн худалдаж авсан юм байна. Тэрбээр ирэх есдүгээр сард Утрехтын их сургуулийн оюутан болохоор төлөвлөжээ.

18 настай Оливер Дамен, 82 настай Уолли Фанк нар сансарт ниссэн хамгийн залуу, хамгийн ахмад хүмүүс болж түүхэнд бичигдэх юм.

Уолли Фанк нь 1960-аад оны үед сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан ч эмэгтэй хүн гэсэн шалтгаанаар хасагдаж байжээ.

Сансрын аялал жуулчлал хэмээх цоо шинэ салбарыг хөгжүүлэхийн төлөө дэлхийн тэрбумтнууд өрсөлдөж байгаа. Өнгөрсөн Ням гарагт Их Британийн тэрбумтан, Сэр Ричард Брэнсон бүтээсэн хөлгөөрөө сансарт нисээд ирсэн юм.

Blue Origin компанийн хөлөг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад сансрын хил хязгаар болох 100 км-ийн өндөрт хүрээд буцна. Харин Брэнсоны үүсгэн байгуулсан Virgin Galactic компанийн хөлөг АНУ-ын стандартаар гадаад сансрын хилд тооцогддог 80 км-ын өндөрт хүрсэн юм.

Брэнсоны хөлөг нисэх онгоцоор тээвэрлэгдэн тодорхой өндөрт хүрсний дараа цааш өөрийн хөдөлгүүрээр үргэлжлэн нисдэг. Харин Безосын олон дахин ашиглагдах хөлөг газраас шууд босоо чиглэлд хөөрдөг юм. АНУ-ын тэрбумтнуудаас SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск мөн сансрын аялал жуулчлалын чиглэлд ажиллаж байгаа.

Тэрбээр өөрийн зохион бүтээсэн хөлгөөр NASA-гийн хэд хэдэн сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог замд амжилттай хүргээд байна.

 

Эх сурвалж: AFP