Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зеленский цаг зав ихтэй Путинд “атаархаж” байгаагаа илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний бичсэн өгүүлэл Кремлийн вэбсайтад нийтлэгдсэн юм. 5,000 гаруй үгтэй уг өгүүлэлдээ тэр Орос, Украины ард түмэн нэг үндэс язгууртай, Украины газар шороо нь Оросын анхны төр улсын өлгий нутаг болох талаар дэлгэрэнгүй бичжээ.

Харин өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сэтгүүлчидтэй уулзахдаа Путиний бичсэн өгүүллийн талаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Путиний өгүүллийг бүхэлд нь уншиж, дүгнэх цаг зав гараагүйгээ хэлсэн Зеленский “Ийм том гүрний ерөнхийлөгч ийм том дэлгэрэнгүй өгүүлэл бичихэд цаг зав, хөдөлмөрөө зарцуулсныг хараад би атаархаж байна” гэжээ.

Хэдийгээр өгүүлэлдээ Путин хоёр үндэстнийг “ах дүүс” гэж тодорхойлсон ч бодит амьдрал дээр Орос улс Украинтай ах дүүс шиг харилцахгүй байгааг Зеленский бас онцолсон байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөрш Украиныг тусгаар улс байх боломжгүй гэж үздэгээ нуудаггүй.

Даваа гарагт нийтлүүлсэн өгүүлэлдээ Путин “Зөвхөн Оростой түншилсэн тохиолдолд Украин улс жинхнээсээ тусгаар тогтнох боломжтой” гэж бичжээ.

Харин Украины хүн амын ихэнх хэсэг өөрийн улс орныг Европтой ойр байлгах эрмэлзлэлтэй байдаг.

ОХУ-тай ойртох бодлого баримталж байсан ерөнхийлөгч Виктор Януковичийг 2013-2014 онд Украинчууд бослого гарган төрийн эрхнээс зайлуулж байв. Энэ үймээнийг далимдуулан Крымийн хойгийг Путин өөртөө нэгтгэсэн нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт гарсан анхны газар нутгийн булаан эзлэлт болсон гэж Өрнөдийнхөн үздэг юм.

Энэ явдлын дараа Москвагийн эрх баригчид дорнод Украины салан тусгаарлагчдыг дэмжиж эхэлсэн байдаг. Донбас дахь салан тусгаарлах дайны улмаас нийтдээ 14,000 хүн амиа алдсан тухай Киевээс гаргасан албан ёсны тоо баримтад өгүүлжээ.

Нийтлэл бичиж суух цагаа өөртэй нь уулзахад зориулахыг Путинээс хүсэж байгаагаа Зеленский өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа илэрхийлсэн юм.

Тэрбээр Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй ч боломж олдохгүй байгаа.

“Яагаад надтай уулзах цаг гаргадаггүйг одоо л ойлгож байна. Бидний уулзалтын үеэр юу яригдахыг тэр өгүүлэлдээ бичжээ” гэж Зеленский хэлсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe