Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн тэрбумтан өөрийн бүтээсэн хөлгөөр сансарт нисээд амжилттай газардлаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон өөрийн үүсгэн байгуулсан Virgin Galactic компанийн хөлгөөр сансрын уудмын захад хүрсний дараа дэлхийд амжилттай газарджээ.

Тэрбээр АНУ-ын тэрбумтан, Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безосоос есөн өдрийн өмнө ийнхүү сансарт нисэж чадсан юм.

Хоёр тэрбумтан сансрын аялал жуулчлал хэмээх цоо шинэ салбарыг хөгжүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа.

Ням гарагийн өглөө АНУ-ын Нью Мексико муж дахь цөлөөс хөөрсөн хөлөг дэлхийн гадаргаас 88 км өндөрт хүрээд буцсан байна. Нислэг нийтдээ 59 минут үргэлжилж, хөлгийн зорчигчид цөөн хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ.

Газардсаныхаа дара Брэнсон “Сансрын шинэ эрин үеийн үүр цайж байна. Ямар сайхан өдөр вэ! Би энэ мөчийг хүүхэд байхаасаа эхлэн мөрөөдсөн” гэж хэлсэн байна.

Тэрбээр сансарт жирийн хүмүүсийг аялуулах зорилготойгоор Virgin Galactic компаниа 17 жилийн өмнө байгуулж байв.

Брэнсонтой хамт энэ удаа нисгэгч Дэвид Маккэи, Майкл Масуччи нар, Virgin Galactic компанийн сансрын нисгэгчдийн сургагч Бэт Мозес, инженер Колин Беннет, дэд ерөнхийлөгч Сириша Бандла нар нисжээ.

VMS EVE нэртэй тээвэрлэгч нисэх онгоц эхлээд SpaceShipTwo VSS Unity сансрын хөлгийг 15 км-ын өндөрт хүргээд агаарт салгасан юм. Хөлөг цаашаа нислэгээ үргэлжлүүлж, зорчигчдоо дэлхийн агаар мандлын зах хязгаарт буюу сансрын уудмын эхлэлд хүргэсэн байна.

Брэнсон сансарт нисэхээсээ өмнө Америкийн тэрбумтан Илон Масктай хамт авхуулсан зургаа твиттер хуудсандаа нийтлээд “Чухал өдөр эхэлж байна. Энэ өглөөг найзтайгаа угтах сайхан байлаа. Онцгой сайхан мэдрэмж төрж байна” гэж бичсэн юм.

Маскийн SpaceX компани дан энгийн зорчигчдоос бүрдсэн Inspiration4 анхны хөлгөө ирэх есдүгээр сард сансарт хөөргөхөөр бэлдэж байгаа. Тус компани Олон Улсын Сансрын Станцад NASA-гийн сансрын нисгэгчдийг хэд хэдэн удаа хүргэсэн юм.

Удахгүй долдугаар сарын 20-ны өдөр дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос мөн өөрийн Blue Origin компанийн хөлгөөр сансарт нисэх гэж байгаа.

Тэрбээр Брэнсоны нислэгийн өмнө амжилт хүссэн зурвасыг Инстаграм хуудсандаа бичжээ.

Blue Origin компанийн New Shepard хөлгөөр Безосоос гадна таван хүн хамт ниснэ. Тэдний нэг нь Безосын төрсөн дүү Марк байх бол 1960-аад онд сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан эмэгтэй Уолли Фанк бас нэг зорчигч нь байна.

Уолли Фанк нь эмэгтэй хүн гэсэн шалтгаанаар тухайн үед сансарт нисэж чадаагүй гэдэг.

Баасан гарагт Blue Origin компани өрсөлдөгч Virgin Galactic-ийн нислэгийг жинхэнэ сансрын нислэгт тооцогдож чадах эсэхэд эргэлзэж байгаагаа твиттер хуудсандаа мэдэгдэж байв.

Учир нь дэлхийн агаар мандал болон сансрын уудмын хил хязгаар гэгддэг Карманы шугам яг хаана байдаг тухай асуудал олон жил маргаантай байгаа.

Швейцарт төвтэй Fédération Aéronautique Internationale олон улсын байгууллага Карманы шугамыг далайн түвшнээс 100 км өндөрт байгаа гэж үздэг.

Харин АНУ-ын сансар судлалын байгууллага NASA үүнийг 80 км өндөрт байгаа гэж үздэг бөгөөд энэ шугамыг давсан ямар ч хүн сансрын нисгэгчид тооцогдоно гэдэг юм.

Тиймээс Америк стандартаар бол Брэнсон нь анхны сансрын нисгэгч-тэрбумтан болж байна. Тэрбээр 1986 онд Атлантын далайг завиар хамгийн хурдан хугацаанд туулсан дээд амжилтыг тогтоож байв.

1987 онд бас агаарын бөмбөлгөөр Атлантын далайг гатлан дээд амжилт тогтоож байжээ.

Одоо тэр Virgin Galactic компанийн хөлгөөр сансарт нисэх 600 гаруй захиалга аваад байгаа. Хөлгийн нэг суудлын үнэ $250,000 юм.

Эх сурвалж: The Guardian, NBC News