Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден хэрэглэгчийн “засах эрх”-ийг хамгаалах захирамж гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден технологийн салбарт шударга өрсөлдөөнийг дэмжихэд чиглэсэн хууль дүрэм боловсруулах захирамж гаргасан байна.

Нийт 72 төрлийн арга хэмжээг журамлах захирамж гаргаснаас хамгийн сонирхолтой нь хэрэглэгчийн “засах эрх”-ийг хамгаалах шийдвэр байжээ.

Тодруулбал гар утас, компьютер үйлдвэрлэгчдээс эхлээд том машин техник үйлдвэрлэгч компаниуд хүртэл өөрийн бүтээгдэхүүнийг зөвхөн өөрсдөө засаж, сэлбэг хэрэгслийг нь нийлүүлэх эрхийг дангаар эзэмшдэг.

Харин шинэ журам гарвал хэрэглэгч нь өөрөө техник хэрэгслээ засварлах, эсвэл гуравдагч этгээдээр засуулах боломж нээгдэх юм.

Үйлдвэрлэгчид нь сэлбэг, эд ангиа чөлөөтэй худалдаалж, засварлах гарын авлага, программ хангамжаа нээлттэй болгоно.

Байдены захирамжид “техник технологийн компаниуд бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчид болон гуравдагч этгээд засах сэлбэх боломжийг хааж байгаа нь өртөг зардал, хүлээх цаг хугацааг нэмэгдүүлж байна” гэж шүүмжилжээ.

Олон жилийн турш хэрэглэгчийн “засах эрх”-ийн төлөө тэмцэж буй US PRIG байгууллагын захирал Натан Проктор ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдсэн байна.

“Засах илүү олон боломж нээгдсэнээр хуучин төхөөрөмжөө хаяж, шинийг авах явдал буурч, энэ нь байгаль орчныг хамгаалахад сайнаар нөлөөлнө. Сонголт нэмэгдсэнээр хүлээх хугацаа, зардал мөнгө хэмнэгдэнэ. Энэ бол бидний ялалт” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: The Verge