Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Байден Путинтэй утсаар ярихдаа кибер гэмт хэрэгтнүүддээ арга хэмжээ авахыг шаарджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан нь сүүлийн үед гарсан “ransomware” төрлийн кибер халдлагын гэмт хэргүүдтэй холбоотой байжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Kaseya программ хангамжийн компанийн бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашигладаг олон зуун байгууллагын мэдээллийн санг хакерууд барьцаалж, $70 саяыг нэхсэн юм.

Өнгөрсөн сард дэлхийн хамгийн том махны үйлдвэрлэгч JBS компанийн Умард Америк, Австрали дахь үйлдвэрүүдийн удирдлагын системийг мөн хакерууд барьцаалж, $11 саяыг авсны дараа чөлөөлж байв. Үүнээс өмнө АНУ-ын шатахуун түгээх компанийн дамжуулах хоолойн дэд бүтцийг мөн ийм аргаар барьцаалж, их хэмжээний мөнгө салгасан юм.

Дээрх халдлагуудын цаана ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хакерын бүлэг байгаа гэсэн дүгнэлтийг АНУ-ын тагнуулын байгууллагууд гаргаад байгаа.

“Хэдийгээр ОХУ-ын засгийн газар оролцоогүй байж болох ч тус улсын газар нутаг дээрээс ransomware төрлийн халдлага гарч байгаа нь тодорхой болсон. Би түүнд гэмт хэрэгтнүүдийнхээ эсрэг ямар нэг арга хэмжээ авахыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийллээ. Бид тэдний талд хэн үүнийг хийсэн талаар хангалттай мэдээлэл өгсөн” гэж Байден мэдэгджээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Бид хоорондоо тогтмол харилцаж байх холбооны шугамтай боллоо. Ингэснээр бид өөр өөрийн улс оронд гарсан асуудлаар шууд ярилцах боломжтой болж байна. Ийм харилцаа холбоо үр дүнгээ өгнө гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн юм.

Хэрвээ Оросын тал кибер гэмт хэрэгтнүүдийнхээ эсрэг арга хэмжээ авахгүй бол АНУ-ын засаг захиргаа зүгээр хараад суухгүйг Байден бас анхааруулсан байна.

Кремлиэс гаргасан мэдэгдэлд хоёр орны удирдагчид кибер гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар тодорхой, бүтээлч арга хэмжээ авах тухай хэлэлцсэн гэжээ.

Харин сүүлийн үед гарсан хэргүүдтэй холбоотой ямар нэг шаардлага хүсэлт АНУ-ын талаас гарсан тухай огт дурдаагүй байна.

 

Эх сурвалж: CNN