Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хаитийн ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн аллагын сэжигтнүүдийг баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн шөнө Хаити улсын ерөнхийлөгч Жовенел Мойсег зэвсэгт этгээдүүд гэрт нь буудаж хөнөөсөн юм.

Аллагыг гадаадын мэргэжлийнхэн үйлдсэн гэж Хаитигийн эрх баригчид үзэж байгаа.

Пүрэв гарагт тус улсын цагдаагийн газрын дарга Леон Шарль телевизээр хийсэн мэдэгдэлдээ аллагын сэжигтнүүдийг ерөнхийлөгчийн ордны ойролцоо газраас баривчилсныг мэдээлжээ.

Цагдаагийн ажиллагааны үеэр зургаан этгээд баривчлагдаж, гурван хүн алагдсан гэнэ.

Баривчлагдсан хүмүүсийн хоёр нь Хаити гаралтай АНУ-ын иргэд болохыг тогтоожээ. Алуурчдыг Англи, Испани хэлээр хоорондоо харилцаж байсныг өмнө нь мэдээлж байв.

Харин Хаити улсын албан ёсны хэл нь франц болон креол юм. Одоогоор аллага үйлдэх болсон шалтгаан, цаад захиалагчид нь хэн болохыг тогтоох ажлыг эхлүүлээд байгааг Шарль мэдээлжээ.

Пүрэв гарагийн өглөө нийслэл Порт О Прэнс дэх аллагын сэжигтнүүдийг хорьж буй цагдаагийн хэсгийн гадна хэдэн зуун иргэд цугларч, гэмт этгээдүүдийг хатуу цээрлүүлэхийг шаардсан байна. Энэ үеэр бухимдсан иргэд сэжигтнүүдийнх байж болзошгүй автомашин, гэр орныг галдан шатаажээ.

Ерөнхийлөгчийн аллагын дараа тус улсын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозеф орон даяар 15 хоногийн онц байдал зарлаж байв.

Гэвч тэрбээр өчигдөр онц байдлыг цуцалж, хэвийн амьдралд шилжих болсныг мэдэгдсэн юм.

53 настай ерөнхийлөгч Жовенел Мойсегийн үхэл Хаити улсын хууль ёсны удирдагч хэн болох маргааныг эхлүүлж байна. Мойсе энэ долоо хоногийн эхээр шинэ ерөнхий сайдын нэрийг зарлаж байсан ч үүрэгт ажилдаа орж амжаагүй байгаа. Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгчийг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд шинэ сонгууль хүртэл ерөнхий сайд улс орныг удирдах ёстой.

11 сая хүн амтай Хаити улсад 1986 онд дарангуйлагч Дувальерын дэглэм нуран унаснаас хойш өнөөдрийг хүртэл улс төрийн тогтворгүй байдал үргэжилж байна. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа төрийн эргэлт гарч байжээ.

Карибын тэнгисийн Хиспаниола арлыг Доминиканы Бүгд Найрамдах Улстай хувааж оршдог Хаити нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг юм.

 

Эх сурвалж: Reuters