Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Японы нийслэлд цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул Токио 2020 наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Японы нийслэлд коронавирусийн халдвар нэмэгдэж, цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул Токио 2020 наадмын уралдаан тэмцээнүүд үзэгчгүй зохион байгуулагдахаар болсныг өчигдөр зарлажээ.

Уг мэдэгдлийг гарахаас өмнөхөн Япон улсын засгийн газар Токио хотод наймдугаар сарын 22-ныг хүртэл онцгой байдлын дэглэм тогтоох шийдвэр гаргасан юм. Өмнө нь Токио 2020 зуны олимпын уралдаан тэмцээнүүд болох газарт 50 хүртэл хувийн суудал дүүргэлттэйгээр дотоодын хөгжөөн дэмжигчдийг нэвтрүүлэхээр тохироод байснаа ийнхүү цуцалж байна.

“Коронавирусийн халдвар дэгдэлтийн улмаас энэ удаагийн наадмыг бид маш их хязгаарлагдмал нөхцөл дор зохион байгуулах болсон нь харамсалтай. Тэмцээний тасалбар худалдаж авсан хүмүүсээс би уучлалт гуйж байна” гэж зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэйко Хашимото мэдэгджээ.

Токиогоос гадна Канагава, Сайтама, Чиба гэсэн хөрш мужуудад мөн олимпын уралдаан тэмцээнүүдийг ганц ч үзэгч, хөгжөөн дэмжигчгүй зохион байгуулахаар болсон байна.

Зохион байгуулагчид Паралимпын наадмын үеэр ямар бодлого баримтлахыг ирэх сард шийдвэрлэхээр болжээ.

Зуны олимпын наадмын ихэнх тэмцээн уралдаанууд Токио хотод, цөөн хэсэг нь хөрш мужуудад зохион байгуулагдах юм.

Токио хотын захирагч Юрико Койке олимпын наадмыг гэр гэртээ үзэхийг иргэдэд уриалжээ.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Токио хотод коронавирусийн халдварын 896 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Япон даяар өдөрт 602 шинэ тохиолдол бүртгэгддэг байсан бол энэ долоо хоногоос ийнхүү нэмэгдсэн юм.

Одоогийн байдлаар Япон улсын хүн амын 14.5 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна.

Мэргэжилтнүүд коронавирусийн Дельта хувилбараар халдварлах цар тахлын тав дахь давалгаа Токио 2020 наадмын үеэр эхэлж болзошгүйг анхааруулж байгаа.

Токио 2020 зуны олимпын наадам долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: AFP