Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж буйг дэмжихээ илэрхийлэв

Т.Саран, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
parliament.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг төсвийн тодотгол болон цаг үеийн байдалтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, чуулганы завсарлагын хугацаанд зайлшгүй ажиллах шаардлага үүсэж буйг хуралдааны эхэнд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсен ажлын хэсэгт орж ажиллах хүсэлт гаргасныг Байнгын хорооны дарга дэмжиж, бүрэлдэхүүнд оруулахаар тогтов. УИХ-ын  дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх чухал ажлын хэсэг байгуулагдаж буйг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.11, 23.2.12 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэг, 39.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 73,3 хувийн саналаар баталсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, П.Анужин, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.