Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: УИХ-ын хаврын ээлжит чуулган анх удаа 75-аас дээш өдөр хуралдаж, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
parliament.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж үг хэллээ.

Тэрбээр "Цар тахал улс орон иргэдийн амьдралд дэлхийн парламент хуралдаан чуулганаа өөрчилж дэг журмаа өөрчилсөн. Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулган Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 75-аас дээш өдөр хуралдлаа.

Үндсэндээ 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 162 хууль тогтоомж баталсан. Бие даасан 16 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 84 хууль, УИХ-ын 52 тогтоол баталлаа.

400 гаруй хуульд хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байвал даруй өөрчлөх нь намрын чуулганы зорилт

Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороог байгуулж, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох талаар бодит эхлэлүүд гарч эхэлсэн. Цаашид мөрдөгдөж байгаа 400 гаруй хуульд хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байвал даруй өөрчлөх нь намрын чуулганы зорилт байх болно.

27 жилийн дараа нийслэлийн эрх зүйн орчныг шинэчиллээ. Түгжрэл, төвлөрлийг сааруулах томоохон шинэчлэл болсон гэж үзэж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг хоёр удаа сунгаж, Засгийн газарт ажиллах боломжийг олгосон. 

Энэ оны улстөрийн чухал үйл явдал Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Зургаан жилээр нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах Ерөнхийлөгчөө сонголоо. УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/245957470340023