Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улсад дэлхийн хамгийн том элсэн шилтгээнийг босгожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том элсэн шилтгээнийг Дани улсын нутаг, далайн эргийн Блокхус тосгонд босгосноо уран бүтээлчид нь өчигдөр зарлажээ.

5,000 тонн элс ашигласан, 21.16 метр өндөр шилтгээнийг Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бүртгэсэн байна. Өмнөх дээд амжилтыг үүнээс 3 метрээр намхан 2019 онд Германд бүтээсэн шилтгээн эзэмшиж байжээ.

Шилтгээнийг бүтээхэд Нидерландын дизайнер Уилфрид Стигер тэргүүтэй 30 уран бүтээлч ажилласан байна. Тэрбээр бүтээлдээ коронавирусийн хүч чадлыг харуулахыг зорьсон тухай тайлбарлажээ.

Шилтгээний оройд титэм зүүсэн вирус дүрслэгдсэн нь үүнийг баталж байна.

“Вирус бидний амьдралыг захирдаг болоод байна. Вирус бидний юу хийж, хэнтэй уулзаж, хаана очиж болох болохгүйг заадаг болоод байна шүү дээ” гэж Стигер ярьжээ.

Элсийг удаан барьцалдуулахын тулд найрлагын 10 хувьд нь цавуу оролцуулсан байна. Бүтээж дууссаны дараа мөн бэхжүүлэх бодис гаднаас нь цацжээ.

Элсэн шилтгээнийг ирэх оны хоёр, гуравдугаар сарыг хүртэл сүндэрлэх боломжтой гэж бүтээгчид нь үзэж байна.

 

Эх сурвалж: AFP