Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цэрэг Баграмын агаарын баазаас шөнө дөлөөр мэдэгдэлгүй гарч явсан тухай Афганистаны тал мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын цэрэг Баграмын агаарын баазаас урьдчилж мэдэгдэлгүйгээр, шөнө дөлөөр гарч явсан тухай Афганистаны армийн албан тушаалтнууд мэдээлжээ.

Баграмын агаарын бааз нь Афганистан дахь АНУ-ын цэргийн хамгийн том бааз байсан юм.

Баасан гарагийн шөнийн 3:00 цагт АНУ-ын цэрэг уг баазыг орхиж явснаас хойш хэдэн цагийн дараа Афганий тал мэдсэн тухай генерал Асадуллах Кохистани хэвлэлд ярьжээ.

Баграмд бас цэргийн шорон байсан бөгөөд тэнд Талибаны 5,000 орчим хүн хоригдож байсан гэнэ.

Талибанчууд Баграмын бааз руу довтлохоор бэлдэж байгаа тухай генерал Кохистани энэ үеэр мэдээлсэн юм.

“Америкчуудтай харьцуулахад бид хүчний асар их ялгаатайгаа мэдэж байгаа. Гэхдээ бид хүн ардаа хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж тэр ярьжээ.

 

Баграмын баазад Америкчууд савласан ус, энергийн ундаа, бэлэн хоол, түлхүүргүй хуягласан болон энгийн автомашинууд зэрэг нийт 3.5 сая орчим эд зүйл үлдээснийг генерал мэдээлсэн байна.

Хүнд зэр зэвсгээ авч явж, сумны нөөцөө устгажээ. Америкчууд гарч явснаас хойш 20 минутын дараа баазын эрчим хүч тасарч, харанхуй болсон байна. Энэ үеэр нутгийн афганчууд баазад үлдсэн эд зүйлсийг тонож, ойролцоох дэлгүүр мухлагуудад Америк цэргүүдийн эдэлж хэрэглэдэг зүйлс зарагдаж эхэлжээ.

Баграмаас яагаад урьдчилж мэдэгдэлгүйгээр гарч явсныг асуухад АНУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Сонни Леггет цэрэг гарах ажиллагааг Афганистаны удирдлагуудтай тохиролцсоны үндсэн дээр зохион байгуулсан гэхээс өөр тайлбар өгөөгүй байна.

Баграмын агаарын баазыг 1950-аад оны үед Зөвлөлт Холбоот Улс байгуулж өгч байжээ. 1980-аад онд Зөвлөлтийн цэргийн гол бааз болж байсан юм. 1990-ээд оны үед Талибанчуудын мэдэлд ороод байсан баазыг 2001 онд АНУ-ын цэрэг эзэлж, өөрийн гол баазыг болгосон байна.

Өнгөрсөн хавар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг дуусгаж, энэ оны есдүгээр сарын 11-нээс өмнө бүх цэргээ гаргах шийдвэрийг зарласан юм.

 

Эх сурвалж: BBC