Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүд сум дахь зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан Замын-Үүд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, тус суман дахь АТҮТ-ийн салбарын дарга нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. 

Нийт зургаан албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд нэгжлэг, шалгалтын ажиллагааг явуулж байна. Албан тушаалтнуудыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг цагдан хорих саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. 

"Хилийн мэргэжлийн хяналтын 32 албан хаагч, гаалийн бүх байцаагчийг өөр орон нутаг руу сэлгэн ажиллуулна"

Уг ажиллагааг явуулах үеэр Замын-Үүд суманд ажиллаж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Саяхан Ерөнхий сайд Замын-Үүд боомтод ажилласан. Ингээд Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл, тогтоол гарч хилийн Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах Ажлын хэсгийг томилсон байгаа. Ерөнхий сайд холбогдох бүх чиглэлийн ажилтнуудад ачаа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг даалгасан. 

ГХЯ-наас БНХАУ-ын Элчин сайдын яамтай уулзалт зохион байгуулж, боомтын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг зохион байгуулсан. Хятадын талаас "Танайх ариутгал, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн шаардлагаа хангаж ажилла. Энэ тохиолдолд урдын адилаар бараа эргэлт сайжирна" гэдгийг хэлсэн. 

Ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй байгаа нь илт харагдаж байгаа. Үүнд дээр дайны хажуугаар дажин гэдэг шиг өдөрт хилээр нэвтрэх цөөн тооны машин дотор төрийн байгууллага албан тушаалтны давуу байдал олгосон машинууд багтаж яваад байна гэх гомдол иргэдээс ирж байна. Үүнээс шалтгаалаад Эрээн боомтоос орж ирж байгаа тээврийн үнэ огцом нэмэгдэж, эцсийн дүндээ хэрэглэгчид дарамт болж ирж байгаа. 

Тиймээс дээрх асуудлыг газар дээр нь цаг тухайд нь шийдвэрлэж байх хүмүүсийг Засгийн газраас томилсон. Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нарыг хилийн боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах бүрэн эрхэт төлөөлөгчөөр томиллоо.

Мөн зарим агентлаг байгууллагуудын удирдлагууд шийдвэр гаргасан. Тухайлбал, 

  • ХХЕГ-ын даргын тушаалаар хилийн дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлөн, оронд нь В.Намхайнямбууг томилж байна. 
  • МХЕГ-ын даргын тушаалаар Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр олон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлөн, оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг долдугаар сарын 9-ний өдрөөс сэлгэн ажиллуулахаар томилсон. 
  • ГЕГ-ын даргын тушаалаар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлөн, түүний оронд Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилон ажиллуулж байна. 
  • АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалаар Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг өнөөдрөөс чөлөөлж, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга н.Сүхбаатарыг оронд нь томилон ажиллуулж байгаа. 
  • ЦЕГ-ын даргын тушаал гарч Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга н.Уранбаярыг чөлөөлж байна. 

Эдгээр албан тушаалтнуудыг чөлөөлж томилсонтой холбоотойгоор зарим албан тушаалтныг өөр орон нутаг руу сэлгэн ажиллуулна. Тухайлбал хилийн мэргэжлийн хяналтын 32 албан хаагчийг өөр орон нутаг руу сэлгэн ажиллуулахаар боллоо. АТҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудыг мөн сэлгэн ажиллуулах шийдвэр гарч байгаа. 

ГЕГ-ын даргын тушаалаар Замын-Үүд дэх бүх гаалийн байцаагчийг өөр орон нутаг руу сэлгэн ажиллуулахаар болсон. 

Мөн АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гаран Замын-Үүд суманд ажиллаж байна. Одоогоор зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах болсныг АТГ-ын комиссар бидэнд мэдэгдлээ" гэв.