Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Төсвийн зардал 2021 онд 1.5 их наядаар нэмэгдэнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ирээдүйн өв сангийн үлдэгдлийг 1.6 их наяд байна гэж байгаа. Гүйцэтгэлээрээ 2.9 их наяд байх мөнгө яагаад 1.6 их наяд үлдсэн бэ? 1.3 их наяд төгрөг хаачсан бэ" гэдгийг тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ирээдүйн өв сангийн үлдэгдэл тодорхойгүй байна. Эндээс тодорхой хэмжээг нь улсын төсвийн зарлагыг хаахад зарцуулсан. 6,900 төрийн байгууллагын зардлыг төрийн санд төвлөрүүлж нэг зардалтай болгосон. Энэ байгууллагууд нэг дор гүйлгээ гаргадаггүй. Тодорхой үлдэгдэл нь төрийн санд байдаг. Цар тахлын үед ирээдүйн өв сангийн мөнгийг Засгийн газар бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлж байж магадгүй.

Төсвийн зарлагын дэд хороог хуралдуулах үеэр энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд ирээдүйн өв сангийн үлдэгдэл ямар байгааг шалгаж мэдээлэх болно. Уг сангийн үлдэгдэл эрсдэлд орсон байх магадлалтай гэж сөрөг хүчин үзэж байна" гэв. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Г.Тэмүүлэн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/