Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Азжаргал: Авлигын асуудлыг хиймэл оюун ухаанаар шийдэх боломжтой

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсголыг явуулж байна. Тус газраас Г.Азжаргалыг томилуулах саналыг УИХ-д ирүүлсэн юм.

Сонсголтой холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Жирийн иргэн болгон Замын-Үүдийн авлигын мөнгийг халааснаасаа төлдөг. Оочер дугаар бий болгож байгаад авлига авдаг байдал хэрээс хэтэрч байна. Өнөөдөр 32 сая төгрөг болсон. АТГ энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

С зөвшөөрөл гэж байна. Энэ зөвшөөрлөө улирал тутамд өгдөг. Гашуунсухайтаар тээвэр хийдэг 18 мянган машины зургаан мянгад нь л нэг улиралд С зөвшөөрөл өгдөг. Өнгөрсөн хоёрдугаар улиралд 900 мянган төгрөгийг авлига өгч байж энэ зөвшөөрлийг авдаг байсан бол одоо 1.5 сая болсон. Есөн тэрбум төгрөгийн авлига авто тээврийн боомтод нэг улиралд төвлөрч байна. Гашуунсухайт боомтоор нэг удаа тээвэр хийхэд хоёр сая төгрөгийн авлига жолооч нар өгч байна.

Эрдэнэс Таван толгойн албан тушаалтнууд гэрээ хийж байгаа тонн тутамдаа нэг долларын зөрүү хулгайлдаг. Энэ асуудлуудыг нэг талд нь гаргаж чадах уу? " хэмээн асуув. 

Түүний асуултад АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал "Би тантай санал нэг байна. С зөвшөөрөл, визний асуудал бий. Эрдэнэс таван толгой гэж та бас ярилаа. Бидэнд шалгаж байгаа олон хэрэг байгаа. Зарим нэг нь шүүхээр шийдэгдсэн. Эдгээр авлигын асуудлыг хиймэл оюун ухаанаар шийдэх боломжтой. Даргын болон албан тушаалтны гарын үсгийг байлгаснаар авлигын асуудал тасрахгүй" гэлээ. 

Ажлын өрөөндөө схем зурж, зохиол бичдэг хүмүүс чухал асуудал боллоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Монголд авлига албан тушаалын хэрэг яагаад буурахгүй байна гэж та боддог вэ? 2006 оны долдугаар сарын 6-нд Авлигын эсрэг хууль хүчин төгөлдөр болсон. Ажлын хэсэгт нь би ажиллаж байсан. АТГ байгуулагдаад 10 гаруй жил боллоо. Энэ байгууллага жинхэнэ утгаараа бие даасан үйл ажиллагаа явуулж чаддаггүй.

Сүүлийн жилүүдэд улстөрийн хэлмэгдүүлэлт Монголд газар авлаа. Энд М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр даргыг хэлмээр байна. АТГ-ын удирдах албан тушаалыг удирдах албан тушаалыг сүүлийн хэдэн жил хашсан хүний хувьд энэ үйл явдал болж байхад ямар суурьтай байсан бэ? 

Ажлын өрөөндөө олон төрлийн санаа бичиж, схем зурж, зохиол бичээд сууж байдаг хүмүүс, тэр зохиолыг хэрэгжүүлдэг албан тушаалтнууд их чухал асуудал боллоо. Хуулийн хатуу хариуцлага оногдуулдаг гэдгийг ойлгуулахгүй бол хэлмэгдүүлэлт хэзээ ч намдахгүй. Төрд нэг өдөр ажил хийж байгаагүй хүнийг нийтийн албан тушаалтан болгоод ял өгч байна. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг асуудал бий.

Өөрийн хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй бол ял хүлээлгэх чиглэлээр АТГ сүүлийн жилүүдэд ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ? Дураараа аашлах гэсэн зүйл ангиар мөн ял төлөвлөсөн үү" гэдгийг тодруулав. 

Соён гэгээрүүлэх ажлаа төгс хэмжээнд явуулж чадахгүй байна

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал "Авлига зөвхөн нэг зүйлээс шалтгаалаагүй. Соён гэгээрүүлэх ажлаа төгс хэмжээнд явуулж чадахгүй байна. Авлигыг үл тэвчих үзлийг барууны оронд хүүхэд наснаас нь ойлгуулдаг. АТГ-ын үйл ажиллагааг мэдээж би сайн гэхгүй. Бас муу гэх хэцүү. Яагаад гэвэл шилэн дансны хуультай болсон зэрэг үр дүн бий.

Тодорхой хэргүүдийг асууж байна. Үүн дээр би үнэлэлт өгч болохгүй. Шүүхээр шийдэгдсэн хэргүүд. Гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэж манай хуульд бий. Ажиллаж байх хугацаандаа гарцаагүй баримтад тулгуурлаж, ажлаа хийсэн. Хэн нэгнийг гүтгээгүй.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг график, гомдол мэдээллээр шалгадаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явж байна. Энэ нь шийдэгдэх нь их зовлонтой. Шүүх энэ хүний энэ орлогыг яг хаанаас олсныг тогтоо гэдэг байдлаар шийдэгддэг" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/ParliamentofMongolia/videos/225302936106723