Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Фижи улсын баг тамирчид ачааны онгоцоор Японд иржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулагчид олон бэрхшээлтэй тулгарч байна. Тэдгээрийн нэг нь дэлхийн 200 орчим улсын 11,000 орчим тамирчныг хэрхэн Японд ирүүлэх асуудал юм.

Дэлхийн ихэнх улс орнууд коронавирусийн цар тахлын улмаас хилээ хааж, агаарын тээврийг хязгаарлаад байгаа нь үүнд нөлөөлж байна.

Тухайлбал Номхон далайн бяцхан арал улс Фижийн баг тамирчид саяхан ачааны нисэх онгоцоор Наритагийн нисэх буудалд газарджээ. Уг онгоцоор голдуу далайн хүнс, яаралтай шуудан тээвэрлэдэг юм байна.

Фижи улсын агаарын тээврийн компани зорчигч тээврийн үйлчилгээгээ зогсоогоод байгаа тул тамирчид нь ийнхүү ачаа бараатай цуг нисэхэд хүрчээ.

Бусад улсын тамирчид ч шууд нислэг байхгүйн улмаас өөр улсуудаар дамжихад хүрч байна. Папуа Шинэ Гвинейн тамирчид Австралийн Брисбэн хотоор, Самоа арлын тамирчид Шинэ Зеландын Оклэнд хотоор дамжин Токио руу нисэхээр болжээ.

Шри Ланка улсын баг тамирчид уг нь Сингапураар дамжин Токиод ирэх ёстой байв. Гэтэл Сингапур хот улс цар тахлын нөхцөл хүнд байгаа Шри Ланкаас ирэх ямар ч зорчигчийг хүлээж авахгүй болсон тул өөр зам сонгохоор болжээ.

Шри Ланкын тамирчид Японоос эсрэг зүгт буюу Катарын нийслэл Доха хотод эхлээд хүрч, дараа нь цааш нисэхээр болсон байна. Ингэснээр тэд илүү урт зам туулж, илүү их зардал гаргахаар болж байгаа юм.

Урт зам туулж Токиод очсон тамирчдын дотор халдвар гарсан нь дараагийн том асуудал болж байна. Тухайлбал Африк тивийн Кени улсын баг тамирчдаас хоёр хүн Японд ирсний дараа халдвартай нь батлагдаж, тусгаарлагдсан юм.

Ням гарагт Сербийн тамирчдын нэг мөн халдвар авсан нь батлагджээ.

Ямайкын гүйлтийн эмэгтэй тамирчин Шелли Анн Фрэйзер Прайс олимпын наадамд оролцохын тулд 12,000 км зам туулахаар болсон байна.

Тэрбээр нийслэл Кингстон хотоос АНУ-ын Майами хүрч, цааш Лондон хотоор дамжиж Токиод хүрэхээс өөр сонголтгүй болжээ. Ийм маршрутаар нисэхэд хамгийн багадаа $5,000 зарцуулахаар байгааг эх сурвалжууд баталж байна.

Бразил улсын 300 хүнтэй баг тамирчид Канадын Торонто хотоор дамжин Токиод хүрэхээр төлөвлөөд байсан ч Air Canada компани нислэгээ цуцалсан тул одоо Европоор дайрч нисэх илүү урт замыг сонгохоос өөр аргагүй болсон байна.

 

Эх сурвалж: Bloomberg