Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Талибанчуудад хөөгдсөн Афганистаны мянга гаруй цэрэг Тажикистаны нутагт орж иржээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Талибанчуудтай байлдаад дийлдэж, ухарсан Афганистаны засгийн газрын мянга гаруй цэрэг Даваа гарагийн өглөө хөрш Тажикистаны нутаг дэвсгэрт орж ирсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 300 орчим цэрэг мөн Тажикистаны хилээр нэвтэрч ирсэн юм.

Тажикистаны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлснээр Даваа гарагийн өглөө 1,037 афган цэрэг “амьд үлдэхийн тулд” хилээр нь нэвтэрч ирсэн гэнэ.

Хүмүүнлэг ёсны үүднээс болон сайн хөршийн үүднээс тэднийг хүлээж авахаас өөр арга байгаагүйг Тажикистаны тал мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Талибаны зэвсэгт бүлэглэлүүд Тажикистантай хил залгаа Афганистаны Бадахшан мужийн зургаан дүүрэгт бүрэн хяналтаа тогтоосон талаар Кабул дахь эх сурвалжууд мэдээлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа энэ оны есдүгээр сард багтаан цэргээ Афганистанаас гаргах болсон нь ийнхүү Талибанчуудын довтолгоог эрчимжүүлээд байгаа. Гадаадын цэргүүдийг гарч дууссаны дараа тус улсад исламын шашны хатуу дэглэм буцаж сэргэх аюул улам бүр нэмэгдэж байна.

Бадахшан мужийн захиргааны төлөөлөгч Мохиб-ул Рахманы мэдээлснээр ихэнх дүүргүүдийг Талибаны дайчид тулалдалгүй эзэлж авсан гэнэ. Афганистаны засгийн газрын цэргүүдийн ахуй хангамж муу, мөн сэтгэл зүйн бэлтгэлгүй байдал ялагдахад нөлөөлж байгааг тэр шүүмжилжээ.

Рахманы баталж байгаагаар Бадахшан мужийн 10 дүүрэг Талибаны мэдэлд шилжсэний наймыг ямар ч тулаангүйгээр эзлэн авсан гэнэ.

Сүүлийн үед Талибан хөдөлгөөнийхөн хуучин Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улсуудтай хиллэдэг Афганистаны хойд мужуудад довтолгоогоо эрчимжүүлээд байгаа.

Өнгөрсөн сард тэд Узбекистан руу хүрэх гол худалдааны зам дайрдаг Кундуз мужийн Имам Сахиб хотыг эзлэн авсан юм.

Афганистаны засгийн газрын зэвсэгт хүчин ойрын үед алдсан газар нутгаа буцааж авах хариу довтолгоонд бэлдэж байгааг тус улсын ерөнхийлөгч Ашраф Ганийн зөвлөх саяхан мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters