Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Уламбаяр: Орос, Хятад хоёр хөрш Монгол Улсаас илүү хамааралтай болно

М.Мөнхцэцэг, Өдрийн сонин
2021 оны 7 сарын 5
Өдрийн сонин
Зураг зураг

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

-Орос, Хятад гүрний удирдагч нар цахим уулзалт зохион байгуулж 20 жил мөрдөгдөж буй нөхөрлөлийн гэрээгээ сунгана гэлээ. Хоёр улсын найрамдалт харилцаа болоод уг гэрээг түүхэн талаас нь авч үзвэл ямар зорилго, ач холбогдолтой вэ?

-Гэрээний албан ёсны нэршил нь "ОХУ, БНХАУ- ын хоорондын Сайн хөрш, Найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ" буюу “Договор о добрососедстве, дружбе и сотрудничестве между РФи КНР" гэдэг.

Тухайн үеийн Хятадын удирдагч Зян Зэмин ОХУ-ын удирдагч В.Путины урилгаар Москвад албан ёсны айлчлал хийх үеэр 2001 оны долдугаар сарын 16-нд дээрх гэрээнд хоёр улсын удирдагч гарын үсэг зурсан байдаг. Тус гэрээнд гарын үсэг зурахаас яг нэг сарын өмнө Төв Азид Америкийн нөлөөллийг саармагжуулах зорилготой "Шанхайн тав" нь ШХАБ болон өргөжсөн түүхтэй.

Үүнтэй нэгэн зэрэг В.Путин, Зян Зэмин нар есөн зүйл бүхий Москвагийн Тунхаглалд мөн гарын үсэг зурсан. Дээрх гэрээ нь 25 зүйлээс бүрдсэн, хүчинтэй байх хугцагааг 20 жил гэж тодорхойлж, хоёр орны хамтын ажиллагааны үндсэн зүйлүүдийг тусгасан суурь гэрээ юм. Хугацаа нь энэ сард дуусаж байгаа юм.

Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд хөрш хоёр орны удирдагчид цахим саммит хийж, дурдсан гэрээг таван жилээр сунгахаар тохиролцлоо.

Орос, Хятад бүр 1994 оны нэгдүгээр сард хоёр улс "constructive partnership" буюу бүтээлч түншлэлийг эрхэмлэхээ тунхаглан зарласан байдаг. Үүгээр "сайн хөршийн харилцан ашигтай", Борис Ельциний Бээжинд хийсэн айлчлалаар 1996 оны дөрөвдүгээр сард "стратегийн түншлэл"-ийн үндсийг тавьж, 1997 оны дөрөвдүгээр сард Москвад "Олон туйлт ертөнц, олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай Орос-Хятадын Хамтарсан Тунхаглал"-ыг батлан гаргаж, 1998 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан Хамтарсан Тунхаглалд “тэгш эрх, буурь суурьтай түншлэл" тогтсныг зарлаж байв.

В.Путин гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй 2012 оны зургаадугаар сард Бээжинд айлчилж, "Орос, Хятадын Иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцсон. 2013 онд БНХАУ-ын удирдагч Си Жиньпиний Москвад хийсэн анхны айлчлалын үеэр хоёр гүрний харилцааг "Тусгай харилцаа" хэмээн онцлож байсан.

2017 оны долдугаар сард Хятадын удирдагч Си Жиньпин Москвад айлчлах үеэр В.Путин түүнд ОХУ-ын төрийн дээд "Гэгээн Андрей"-н одон гардуулж. харин Си Жиньпин "Хоёр орны дотоод нөхцөл, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Орос улсад хандах бидний хандлага, үндсэн зарчим огт хувирахгүй" гэж мэдэгдэж байсан. Энэ үеэр хоёр орны удирдагч ОХУ, БНХАУ-ын харилцаа нь хурцадмал үеийн "шилдэг харилцаа" гэж дүгнэсэн байдаг.

-Хоёр орны баримталж буй гадаад бодлого ямар түвшинд байна вэ?

-ОХУ, БНХАУ-аар тэргүүлсэн олон улсын харилцааны олон туйлт төв төлөвших хандлага идэвхжиж байгаа ч хоёр хөршид эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрч, авторитар дэглэм эрчээ авч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавих хяналт чангарч, хүний эрх, эрх чөлөөг боомилж буй нь иргэдийн эрх чөлөөг эрхэмлэх үзэл бодолтой улам бүр зөрчилдөж байгаа.

Хоёр хөршийн гадаад бодлого нь олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг цогцлоох үндсэн дээр хүчний шинэ тэнцвэр барих, хүчний шинэ хуваарилалт удирдахыг эрмэлзэж байна. ОХУ өөрийн буфер бүсийг өргөжүүлэх, Хятад нөлөөний хүрээгээ бүх арга хэрэгслээр өргөжүүлэх бодлого явуулж байгааг бид харж байна. Үүнд вакцин дипломаси ч хамаарна.

-В.Путин, Ши Жиньпин нар хоёр улсын найрамдалт харилцаа цаашид улам гайхамшигтай болно гээд дэлхий дахинд зарлаад байна. Энэ харилцаа хэр удаан үргэлжлэх бол?

-Орос-Хятадын харилцааг Өрнөдийн судлаачид “бал саран" дээрээ явж байна гэж үздэг.

Өндөр дээд түвшинд хоёр тал харилцааны хөгжлийн хүрсэн түвшинг маш өндрөөр шагшин магтах болсон. Хэр удаан үргэлжлэхийг түүх харуулах байх.

Сүүлийн үед дэлхийн II дайнд нацист Германыг бут цохид хамгийн ихээр оролцож тусалсан улс нь Хятад. Түүний аугаа баатарлаг ард түмэн гэж нотлохыг оролдож, энэ нь орос, хятад цэргүүдийн гүн нөхөрлөлийг харуулж буй мэтээр их ярих болсонтой миний хувьд огт санал нийлэхгүй байгаа юм. Түүхийг ингэж дахин засварлаж, гуйвуулж болохгүй л дээ.

-Жо Байден Орос, Хятад хоёр гүрнийг "Дүрэм журамд суурилсан олон улсын эмх цэгцтэй харилцаанд хамгийн том аюул” гэж удаа дараа тэмдэглэсэн. Ер нь тэдний нэгдмэл байдал хэнд илүү ашиггай вэ. Бас ямар эсэргүүцэлтэй нүүр тулах вэ?

-Даяаршил, дижиталчлалын үйл явц гүнгийрч, харилцан хамаарал тодорхойлогч хүчин зүйл болж, хамгийн хүчирхэг батлан хамгаалах чадавхтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай улс гүрэн ч өөрийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийг дангаараа хангаж, хөтлөн авч явах бололцоогүй болсон байна.

АНУ, ОХУ, БНХАУ-д энэхүү дүгнэлт юуны өмнө хамаарна. ОХУ, БНХАУ-аар тэргүүлсэн олон улсын харилцааны олон туйлт төв төлөвших хандлага идэвхжиж байгаа нь хүйтэн дайн дууссанаас хойш тогтсоор ирсэн олон улсын дэг журам, аюулгүй байдлын системд ноцтой нөлөө үзүүлж эхлэв хэмээн өрнөдийн судлаачид үзсээр байгаа юм.

Дээрхтэй холбоотойгоор хүчний шинэ шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалт явагдаж, хүйтэн дайн дууссаны дараах үе төгсгөл болж, шинэ хүйтэн дайны үе эхэллээ хэмээн тэмдэглэх болсон.

Өрнөдийнхөн ОХУ Крымийн хойгийг өөртөө хүч түрэн нэгтгэсэн нь НҮБ-ын Дүрэм. 1990 оны Шинэ Европын Харти, 1994 оны Будапештын Меморандумыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үздэг.

АНУ, Их Британи зэрэг өрнөдийн шинжээчид Хятадын одоогийн удирдлага 1984 оны “БНХАУ, Их Британий Ерөихий сайд Жао Зыянъ. Маргарет Тэтчер нарын Хамтарсан Тунхаглал"-ыг зөрчиж байна гэж хурцаар шүүмжилж байна. Түүнд Хонг Конг 1997 оны долдугаар сарын 1-нд БНХАУ-д нэгдсэнээс хойш Хонг Конгийн нийгмийн байгууллыг 50 жилийн турш хөндөхгүй хэвээр байлгахаар тохиролцсон байдаг.

Энэ нь 1980-аад оны эхээр Хятадын шинэчлэлийн архитектор Дэн Сяопины дэвшүүлсэн нэг улсын дотор социализм, капитализм зэрэгцэн орших “нэг улс, хоёр систем" баримтлалтай холбоотой. Өрнөдийнхөн эдүгээ үүнд эргэлзэж эхэлсэн. Тиймээс ирээдүйд уг баримтлалын дагуу Тайванийг эх газрын Хятадад нэгтгэх асуудал ноцтой сорилттой тулгарч байна.

-Сүүлийн үед Орос, Хятадын зохион байгуулж буй цэргийн сургуулилалт олон улсын анхаарлын төвд байна. Тайвань төдийгүй Хавайд халдаж болзошгүй байна хэмээн Японы батлан хамгаалахын өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна лээ?

-Орос, Хятадын цэргийн хамтарсан сургуулилтаас гадна асуудлууд буй.

Японы Батлан хамгаалахын сайдын орлогч Ясүхиде Накаяма өнгөрсөн оны сүүлээр Тайванийн аюулгүй байдал бол алдаж болохгүй улаан шугам. Хятадын түрэмгийллийн эсрэг Жое Байден зориггой, хүчтэй байх шаардлагатай хэмээн сануулж, "Бид Хятадыг түрэмгийллээ Хонг Конгоос өөр газар ч гэсэн харуулна гэдэгт итгэлтэй байна.

Миний бодлоор дараагийн бай бол Тайвань хэмээн ярьж байсан санагдана. АНУ-ын одоогийн удирдлага Тайваньтай бие даасан харилцааг өргөжүүлэхийг илт эрмэлзэж байна. Жое Байданы ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 1979 оноос хойш анх удаа АНУ дахь Тайванийн төлөөлөгч хатагтай Сяо Би-ким оролцож, өнгөрсөн дөрөвдүгээр сард Сенатын танхимын гишүүн асан Крис Додд тэргүүтэй. АНУ-ын албан ёсны бус тодотголтой төлөөлөгчид Тайваньд айлчилсан.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч дарга асан Ричард Армитаж, Жеймс Стейнберг нар багтаж байсан. Энэ бол Ерөнхийлөгч Жое Байдены илгээсэн Америкийн элч нарын тус бүс нутагг хийсэн анхны айлчлал байв. БНХАУ- ын ГХЯ энэхүү айлчлалыг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан. Америкийн төлөөлөгчдийг Тайванийн ерөнхийлөгч хатагтай Цай Ин-вэн хүлээн авч уулзсан. Өмнөд Хятадын тэнгисийн маргаан байдаг. 2016 оны долдугаар сард Олон улсын Хаагийн шүүх Өмнөд Хятадын тэнгисийн ус болон баялгийг Хятад улс эзэмших ёстой гэсэн түүхэн баталгаа алга гэж дүгнэж байсан.

-Хоёр хөршийн стратегийн гол түншлэл нь эдийн засаг дээр тогтож ирсэн. Ковидын хүнд хэцүү жилүүдэд энэ харилцаа ямар байв. Ирээдүйд хэрхэх бол?

-2018 онд Орос, Хятадын худалдааны эргэлт 30 хувийн өсөлт үзүүлж, анх удаа 100 тэрбум ам. долларын босгыг давж, 107.06 тэрбум ам. долларт хүрснийг Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Г ао Фен (Gao Feng) болон Гаалийн Ерөнхий газар албан ёсоор зарлаж байсан. Энэ үзүүлэлтийг хоёр хөрш 2023 гэхэд 200 тэрбум амдолларт хүргэхээр тохиролцсон нь Монгол Улсын газрын гүүр, идэвхтэй транзит орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

ОХУ- ын Ерөнхийлөгч В. Путин өнгөрсөн зургадугаар сарын эхээр Санкт-Петербургийн Олон улсын эдийн эасгийн 24 дүгээр форумд оролцох үеэр олон улсын хэвлэлийн агентлагийн төлөөлөгчидтэй видео уулзалт хийхдээ цар тахал дэгдсэн хэдий ч Орос, Хятад худалдааны эргэлтийн хэмжээг 100 тэрбум ам.долларын түвшинд барьж чадсан хэмээн мэдэгдэж байна лээ.

Монголын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах төсөл ажил хэрэг болбол Монгол Улс дахь ОХУ-ын эдийн засгийн бодит ашиг сонирхол жинхэнэ ёсоор буй болж, энэ нь цаашдаа иж бүрэн стратегийн түншлэл, гурван хөршийн эдийн засгийн коридорын цөм хэсэг болох боломж харагдаж байна. Зарим хүмүүсийн хардаж байгаачлан Монголын нутгаар хий дамжуулах хоолой тавигдсанаар Монгол Улсын ОХУ-аас хараат байдал улам нэмэгдэх бус, харин ч Орос, Хятад хоёр хөрш Монгол Улсаас илүү хамааралтай болох юм. Дурдсан төсөл нь зөвхөн эдийн засгийн үр ашигтай төсөл байх төдийгүй, улс төр-геололитикийн ач холбогдолтой гэдэг үүднээс давхар авч үзэх ёстой.

-Хоёр гүрний найрамдалт харилцаа манай улсад ямар ашигтай вэ?

-Монгол Улсын хойд хөрш дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй, цөмийн зэвсэгтэй, сэргэн мандаж буй.

НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн. Өмнөд хөрш дэлхийн хамгийн их хүн амтай, өндөр хурдацтай хөгжлөөс өндөр чанарт суурилсан хөгжилд шилжиж буйг цөмийн зэвсэгтэй. Мөн л НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орон. Ийм онцлог хоёр хөршөөр хүрээлэгдсэн цорын ганц гэж хэлж болохоор геололитикийн давтагдашгүй байршилтай улс бол Монгол Улс.

Өрнөдийн эдийн засгийн хоригтой холбоотойгоор ОХУ- ын Алс Дорнодын бодлого, ялангуяа БНХАУ-ыг чиглэсэн бодлосо идэвхжсэн нь Монгол Улсын геополитикийн ач холбогдлыг өсгөсөн. Орос, Хятадын харилцаа иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийн түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад хамгийн ойр орчин сайн байна гэж үзэж болох талтай.

Монгол Улс бүс нутагтаа хөрш гүрнүүдтэйгээ улс төр, газар нутгийн аливаа маргаангүй, түншлэлийн эрхзүйн үндсийг баттай тавьсан. Манайх 2002 онд ОХУ-тай 3,543 км урт хилийг хамтран шалгаж эцэслэн тодотгосон бол 2001-2004 онд БНХАУ-тай хилээ хоёр дахь удаагаа хамтран шалгаж, 4,676.8 км урт хилийн шугамыг тогтоосон.

Улмаар Монгол Улсын хилийн багануудыг анх удаа боржин чулуугаар шинэчлэн босгож, НҮБ-д бүртгүүлэв. Ийнхүү өнөөдөр Монгол Улсын хилийг эмжсэн 8219 км 895 м урт хил олон улсын гэрээ, хэлэлцээрээр баталгаажсан нь тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байна.

БНХАУ нь "Хятад-Оросын харилцаа хэзээ ч холбоотны харилцаанд эргэж очихгүй” гэж тэмдэглэсэн нь хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болов уу.

-Хятадын эрх баригч коммунист намын 100 жилийн ой арга хэмжээг нээсэн Си Жиньпин хэд хэдэн ширүүхэн акц үзүүлэх шиг боллоо. Судлаачийн хувьд түүний хэлсэн үгэнд ямар дүгнэлттэй байна вэ?

-АНУ, ОХУ, БНХАУ хоёртой сөргөлдөх тусам эрчимтэй хөгжиж буй хоёр гүрний араншин илүү тод харагдах болов уу. Өөрөөр хэлбэл, 1990-ээд он биш гэсэн үг л дээ. Хятадын удирдагч Си Жиньпин ХКН-ын 100 жилийн ойг нээж үг хэлэхдээ “Их гүрний дээрэнгүй үзэл Хятадын хана мөргөх болно" гэсэн байна лээ.

Тайванийн талаар илүү хатуу байр суурь баримтлахаа мөн дахин нотолсон. Харин Хятад улс чинээлэг дундаж давхарга бүхий Хятад онцлогтой социалист нийгмийг цогцлоох анхны зуун жилийн зорилгодоо хүрснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, үгээгүй ядуурлыг үндсээр нь устгаж чадсан, одоо орчин цагийн аугаа хөгжингүй социалист гүрнийг бий болгох хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүйгээр, итгэл төгс урагшилна гэжээ. Үүнтэй санал нэг байна.

Зураг