Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй цэргүүдийг өндөр өсгийттэй парадад алхуулах санаа гаргасан Украины эрх баригчид шүүмжлүүлж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Украин улс ирэх сард Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа тусгаар тогтнолоо зарласны 30 жилийн ойг тэмдэглэх гэж байна.

Тус улсын батлан хамгаалах яам Баасан гарагт энэхүү баярт зориулсан цэргийн парадын бэлтгэлийн явцыг мэдээлжээ. Сонирхолтой нь уг парадад оролцох эмэгтэй цэргийн алба хаагчид хар өнгийн өндөр өсгийтэй гутал өмссөн байв.

“Өнөөдөр бид анх удаа өсгийтэй гуталтай жагсаалын бэлтгэл хийлээ. Цэргийн гуталтай алхахаас бага зэрэг хэцүү байна” гэж алба хаагчдын нэг ярьсныг Украины батлан хамгаалах яамны хэвлэлд мэдээлжээ.

Батлан хамгаалах яамны энэхүү төлөвлөгөө тэр дороо ширүүн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан байна. Өчигдөр Украины сөрөг хүчний хэд хэдэн хууль тогтоогч парламентын чуулганд өндөр өсгийтэй гутал авчран эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд батлан хамгаалахын сайдад өөрт нь өсгийтэй гутал өмсгөж алхуулах санаачилга гаргасан байна.

 

“Үүнээс илүү тэнэг санаа гэж байх уу?” хэмээн Голос намын хууль тогтоогч Инна Совсун ярьжээ. Эрчүүдийн нэгэн адил эх орныхоо төлөө тулалдаж байгаа украин бүсгүйчүүдийг  “ингэж гутаан доромжилж” болохгүйг тэр анхааруулсан байна. Мөн ийм гуталтай жагсаалын бэлтгэл хийх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хортой болохыг эрх баригчдад сануулжээ.

Украины зүүн хязгаарт салан тусгаарлагчидтай хийж буй дайнд 13,000 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч оролцож байгаа гэсэн тоо баримт бий.

Украины армид нийтдээ 31,000 орчим эмэгтэй алба хаадаг юм байна. Парламентын дэд спикер Олена Кондратюк батлан хамгаалах яамны удирдлагуудад эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлаж, доромжилсныхоо төлөө олон нийтээс уучлал гуйхыг шаарджээ.

Алдартай сэтгүүлч Виталий Портников “Өсгийтэй гуталтай парадад жагсах нь үнэхээр шившигтэй санаа” гэж фэйсбүүк хуудсандаа бичээд “дундад зууны сэтгэлгээтэй” эрх баригчдыг ширүүн шүүмжилсэн байна.

Украин улсын тусгаар тогтнолын баяр наймдугаар сарын 24-нд тохиох юм.

 

Эх сурвалж: BBC