Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Талибанчуудад түрэгдсэн Афганистаны армийн 300 гаруй цэрэг Тажикистаны нутагт орж иржээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Талибанчуудын довтолгоонд түрэгдсэн Афганистаны засгийн газрын 300 гаруй цэрэг өчигдөр Тажикистаны нутаг дэвсгэрт орж иржээ.

Тажикистаны хилийн дагуу Афганистаны нутаг дэвсгэрт ширүүн тулалдаан болж байгаа бөгөөд тус улсын зүүн хойд бүсийн Бадахшан мужийн олон дүүрэг сүүлийн 24 цагийн дотор Талибан зэвсэгт бүлгийн хяналтад шилжсэнийг эх сурвалжууд мэдээлжээ.

Тажикистаны засгийн газар хилээр нэвтэрсэн Афган цэргүүдийг “хүмүүнлэг ёсны үүднээс, сайн хөршийн үүднээс” хүлээн авч, тусалж дэмжсэн тухайгаа мэдэгдсэн байна.

Хэдийгээр цэргүүд нь ухарсан ч Бямба гарагийн тулаанд Талибан хөдөлгөөний 224 дайчныг устгасан тухай Афганистаны батлан хамгаалах яам бас мэдээлжээ.

АНУ тэргүүтэй холбоотнуудын цэрэг Афганистанаас гарч эхэлснээр тус улсын засгийн газрын эсрэг исламын суурь үзэлт Талибан хөдөлгөөний довтолгоо эрчимжсэн юм.

Баасан гарагт АНУ-ын цэрэг Афганистан дахь өөрийн хамгийн том бааз болох Баграмын агаарын баазаас бүрэн гарч дууссан байна. Ерөнхийлөгч Жо Байден энэ оны есдүгээр сарын 11-нд бүх цэргээ гаргаж дуусах төлөвлөгөөг зарлаад байгаа.

Үүнтэй зэрэгцэн Афганистан улсад Талибаны бурангүй дэглэм дахин тогтох аюул нүүрлэж байна.Тажикистаны засгийн газар Афганистантай залгаа хилийн шугам нь бүрэн хяналтад байгааг өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today