Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Уугуул иргэдийн хүүхдүүдийн аллагад бухимдсан хүмүүс Канад дахь Их Британийн хатан хаадын хөшөөг буулгажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Канад дахь колоничлолын үеийн сургуулиуд байсан газраас нутгийн уугуул иргэдийн олон зуун хүүхдийн нэр хаяггүй булш олдсон нь дуулиан дэгдээгээд байгаа билээ.

Энэ явдалд бухимдсан иргэд өчигдөр тус улсын Манитоба мужийн нийслэл Виннипег хот дахь Их Британийн хатан хаан Викториа, Элизабет нарын хөшөөг буулгажээ.

Хөшөөг буулгах үеэр иргэд “Геноцид үйлдэгчдээр бахархах ёсгүй” хэмээн хашхирч байсан гэнэ.

1996 оны хүртэл 165 жилийн хугацаанд уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулсан сургуулиуд Канад даяар ажиллаж, тэдгээрийн ихэнхийг католик сүм хийдийн захиргаа удирдаж байжээ.

Сүүлийн өдрүүдэд Канадын Бритиш Колумбиа, Саскачеван мужууд дахь ийм сургууль байсан газруудаас нийтдээ 1,000 шахуу хүүхдийн нэр хаяггүй булш олдсон юм. Хайгуулын ажлыг Канадын засгийн газар санхүүжүүлж байгаа.

 

Эдгээр сургуулиудад нутгийн уугуул иргэдийн хүүхдүүдийг хүчээр суулгаж, уламжлалт хэл соёлыг нь мартуулан уусгах ажиллагаа явуулдаг байжээ. Хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол хүнсний хомсдолтой амьдарч байснаас амиа алддаг байв. Мөн хүүхдүүдийг зодох, хүчирхийлэх зэрэг явдал түгээмэл байсан гэдэг.

Канадын засгийн газраас томилсон түүхэн үнэнийг сэргээх хороо 2015 онд гаргасан тайландаа үүнийг “соёлын геноцид” гэж тодорхойлж байжээ.

Викториа хатан хаан 1837-1901 оны хооронд Британийн эзэнт гүрнийг захирч байсан ба тухайн үед Канад улс  колони нь байсан юм. Харин одоогийн хатан хаан Элизабет нь Канадын төрийн тэргүүнд өргөмжлөгддөг.

Хөдөлгөөний бэлгэдэл болсон улбар шар өнгийн хувцастай иргэд эдгээр хатан хаадын хөшөөг буулгасны дараа тойрон бүжиглэж байжээ.

Пүрэв гараг нь “Canada Day” буюу Канадын үндэсний баярын өдөр байв.

Энэ өдөр Канадын санхүүгийн төв Торонто, нийслэл Оттава хотуудад олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж, сошиал орчинд #CancelCanadaDay хаштагтай хөдөлгөөн өрнөж байжээ.

 

Эх сурвалж: Reuters