Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотод нэг өдөрт Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо дөрвөн өдөр дараалан дээд хэмжээндээ хүрлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусийн халдвараар 679 хүн нас баржээ. Энэ нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан тохиолдол бөгөөд ийм тохиолдол дөрөв дэх өдрөө дараалан шинэчлэгдэж байна.

Сүүлийн үед өвчилж байгаа хүмүүсийн 90 хувь нь коронавирусийн Дельта хувилбараар халдвар авсныг Москва хотын захирагч Сергей Собянин өмнө нь мэдэгдсэн юм.

Евро 2020 тэмцээний тоглолтуудыг зохион байгуулж буй ОХУ-ын хоёр дахь том хот Санкт Петербургт бас нөхцөл байдал муу байна.

Баасан гарагт тус хотод 101 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ. Энэ долоо хоногийн эхээр нэг өдөрт 119 хүн нас барсан нь Санкт Петербургийн хувьд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болж байв.

Өнгөрсөн шөнө тус хотод Евро 2020 тэмцээний хасагдах шатны Испани-Швейцарийн шигшээ багуудын тоглолт олон мянган хөгжөөн дэмжигчтэй зохион байгуулагдсан бөгөөд энэ тоглолтын дараа өвчлөлийн тоо өсөх магадлалтай байна.

ОХУ-ын засгийн газар есдүгээр сард багтааж, хүн амынхаа 60 хувийг бүрэн вакцинжуулах зорилт тавьсан юм. Гэвч иргэдийн идэвх сул байгаа нь уг зорилт биелэх бараг боломжгүй болгож байна. Одоогоор тус улсын хүн амын 16.2 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ.

Сүүлийн байдлаар ОХУ даяар 5.47 сая орчим хүн коронавирусийн халдвараар өвчилснөөс 136,565 нь нас барсан байна.

 

Эх сурвалж: AFP